Европ Ойрхи Дорнодын хямралыг зогсоохын төлөө

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Европ Ойрхи Дорнодын хямралыг зогсоохын төлөө

Израиль, Палестины хооронд пуужингийн цохилт  харилцан хийгдэх нь энгийн иргэдийн дунд хохирлыг ихэсгэх аюултай байна. Герман, Франц, Их Британи, Оросын Гадаад хэргийн сайд нар тэмцэлдэгч талуудад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байгаа ажээ.

 Израилийн нийслэлд арваннэгдүгээр сарын 18-нд агаарын түгшүүр дуугарч байлаа. Пуужингийн довтолгооноос хамгаалах "Iron Dome" ("Төмөр дээвэр") систем хоёр дахь удаагаа Тель-Авивын тэнгэрт  Палестины пуужинг угтан сөнөөв. Хариуд нь Израиль Газыг бөмбөгдлөө. Байлдаанаар амь үрэгдэгсдийн тоо 69-д хүрчээ. Тэдний  бараг тал нь энгийн иргэд байна. Израилийн талаас гурван хүн амиа алдсан юм.

Израиль-Палестины сөргөлдөөнийг даамжруулахаас сэргийлэх зорилгоор Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) Ойрхи Дорнодод яаралтай очихоор шийджээ. Тэрээр Египетийн ерөнхийлөгч, Арабын лигийн орнуудын тэргүүн нарт хандан Палестины удирдлагад нөлөөлөхийг хүссэн байна. Үүссэн хэрэг явдалд онцгой хариуцлагыг палестин хүлээх ёстой гэж Вестервелле  үзэж байгаа тухай AFP онцолсон байв. Хэдэн сарын өмнө Газаас Израилийн өмнөд нутгийг буудсан нь энэ бүх хэргийн урьдатгал болсон гэж тэр үзэж байна.

Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Израилийн Гадаад хэргийн сайдтай дайсагнагч талуудын галыг зогсоох талаар ярилцаад Тель-Авиваас буцан ирсэн байна. Их Британийн Гадаад хэргийн сайд  Уильям Хейг  хэрэв Газын зурваст Израиль нэвтэрвэл тэр олон улсын дэмжлэгийг алдана гэдгийг сануулжээ.

Бүс нутгийн хурцадмал байдал Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хөдөлгөв. Тэрээр Орос, АНУ, Европын холбоо, НҮБ гэсэн Ойрхи Дорнодын дөрвөлийн яаралтай уулзалт хийхийг санал болгов. Дөрвөл Арабын орнуудын лигтэй  сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулахын тулд зөвлөлдөх хэрэгтэй гэжээ. Оросын тал Газыг бөмбөгдсөн нь хир хэмжээнээс хэтэрсэн гэж Израилийг шүүмжлэхийн зэрэгцээ палестинчуудад хандан пуужин харвахаа зогсоохыг  шаардлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж