УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч Т.Гансүх, Л.Жамсран, н.Лхагва нарын гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болох ёстой байсан боловч хойшилжээ. Хэргийн өмгөөлөгч Увсад болж байгаа шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хурал хойшилсон байна. Тиймээс дээрх шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 28-нд хийхээр болж дахин зарлажээ.
Эрүүгийн хуульд зааснаар бусдыг хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэргийг үйлдсэн этгээдийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэх ёстой. Гэвч шүүх хурал удаа дараа хойшилсоор байна.
Г.ДАРЬ