Эх хэлээр бизнес хийгчид

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Эх хэлээр бизнес хийгчид

Өдгөөгөөс ердөө л 20 гаруйхан жилийн өмнө манай улсад орос хэл мэддэггүй хүн “онигоо” болдог байсан тухай эцэг, эхчүүд хүүрнэх. Харин одоо цагт бол англи хэл мэддэггүй хүн “хүн биш” болчихоод байгаа.

Орос хэл жинхэнэ утгаараа Монголыг “эзэгнэж” байхад цэцэрлэгийн хүүхдэд Ленин багшийн үүх түүх, орос улсын агуу баялаг хэлийг заахыг урьтал болгож байв. Тэгвэл одоо цагт хүмүүс хүүхэд төрүүлэхдээ гадаад явах талаар ярьж байна. Учир нь унаган англи хэлтэй болгох гэж байгаа юм байх. Энэ дунд ганцхан ойлгомжгүй юм байгаа юм.

Юу гэвээс, энэ хоёр том орны хэлийг сурах ч яах вэ, тэгээд монгол хэл яах болж байна. Хэн ч монгол хэлийг сайн суръя, уламжлалт хэллэгээ мэдье, уйгаржин монгол бичгээрээ бичдэг болно гэж хичээхгүй байна. Аль ч байгууллагад ажилд орсон монгол хэлээрээ зөв бичиж чаддаг эсэх нь хамаагүй. Гагцхүү ямар нэг гадаад хэлээр сайн ярьдаг, бичдэг бол болно гэсэн шалгуур тавьж байна.

Сүүлдээ бүр хүмүүс нэг гадаад үг хэлчихээд, “Энэ үгийг чинь Монголоор юу гэдэг билээ” гэж “хуцдаг” болж. Одоо гадаад хэлтэй хүн болж чамирхаж байгаа байдал нь тэр юм гэсэн. Тэр хүн мэдлэгтэй биш өрөвдөлтэй харагдаж байгаагаа ухаарахгүй л байна. Энэ мэтчилэн эх хэлэнд сэв сууж, юу юугүй “хагарах” аюулд орчихож.

Өнөөдөр хэн дуртай нь дүрэм зохиож, өөр өөрийнхөөрөө бичиж, дур дураараа аашилж байна. Тийм байхад төр засаг, төрийн хэлний зөвлөлөөс юу ч хийхгүй байгаа сонирхолтой. Юу ч хийхгүй биш, хэдэн журам дүрэм гаргаж, 700 үг журамласан гэж өөрсдийгөө өмөөрөх байх. Гэхдээ тэр нь хэнд хүрээд, хэн дагаж мөрдөж байгаа мэдэх юм алга. Яг үнэндээ эх хэлийг эвдэж байгаа хүмүүс эрдэмтэн цол зүүсэн их, дээд сургуулийн хэдэн багш нар байна гээд хэлчихвэл хатуудсан болохгүй байх.

МУИС-ийн багш нар нэг дүрмээр, МУБИС-ийнх өөр дүрмээр монгол хэлийг зааж байгаа. Бараг эрдэмтэн, багш болгон өөрийн дүрмийг зохиож, түүнийгээ хамгаалах гэж үзэж байна шүү дээ. Энэ бол тэдний мэдлэг, чадваргүйдээ биш сэтгэлгүй, шуналтайдаа, өөрсдийнхөө багахан нэр хүндийг унах вий гэж айсандаа хийж байгаа увайгүй үйлдэл.

Нөгөө талаараа өөрсдийнхөө зохиосон дүрэм, бичсэн номонцорыг зарж байгаа бизнесээ хамгаалсан явдал ч байж магадгүй. Үүнийг би хэлээгүй, эх хэлний төлөө санаа зовж явдаг залуу эрдэмтэн, судлаачид хэлж байна билээ. Ерөөс өвгөд, хөгшид залуусынхаа үгийг сонсох дургүй болсон. Зөвхөн өөрсдийнхөө мунхаг ухаан, шунал, өчүүхэн төдий нэр хүндээ улайран бодож, бусдын буруу мэтээр хандаж байгаа юм.

Ийм увайгүй үйлдэл гаргагчид байхгүй болж, нэгдсэн нэг дүрмээр үгээ бичиж, монгол хэлээ хамгаалж чадвал одоо бидний айгаад байгаа зүйл үгүй болмоор санагдах юм. Даанч олон хүнд тийм сэтгэл алга байна. Дор бүрнээ нэг толь, зөв бичгийн дүрэм гаргаж, зарж, оюутан сурагчдад “шахаж” мөнгө олон гэсэн сэтгэлтнүүд л дүүрэн болж.

Ийм байхад бид эх хэлээ хамгаалах, нэг үгийг олон янзаар бичихийг хязгаарлах асуудлыг яриад ч яах юм билээ. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр, өөрийнхөө өмхий үзэл бодлыг тавьж чадахгүй, эвлэлдэн нэгдэж, нэгдсэн нэг журам гаргаж чадахгүй байгаа эрдэмтэд олшрох тусам эх хэл “хагарна”. Тиймээс бид залуу эрдэмтдээ дэмжиж, нэгдсэн бодлого боловсруулж, өвгөдийн бизнесийг “хазаарлах” цаг болж.

Өнөөгийн төр засгийн удирдлагууд эх хэлний асуудалд анхаарал хандуулна гэдэгт найдаж байна. Тэгэхдээ эх хэлээрээ бизнес хийж байгаа нөхдүүдийн үзэл бодлыг сонсох биш залуу, чадвартай эрдэмтдийнхээ санаа бодлыг тусгах биз ээ. Шинэчлэлийг бүх шатанд, газарт хийх шаардлагатай. Тэр шинэчлэлийн “нар” эх хэлний нэгдсэн дүрэм, стандарт гаргахад ч “тусах” ёстой.

Н.ПУНЦАГБОЛД
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж