“Michael Learns to Rock”-ийн тасалбар 40-80 мянга

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

“Michael Learns to Rock”-ийн тасалбар 40-80 мянга

1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан “Michael Learns to Rock” хамтлаг Монголд ирэх нь ээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж, тоглолтын хөтөлбөрөө хэдийнээ баталж, үүнд нь Монгол Улс багтсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тус хамтлагийнхан Азид хийх аялан тоглолтынхоо хөтөлбөр ёсоор энэ сарын 29-нд Индонезийн Баликпапан хотоос аялан тоглолтоо эхлүүлж, ирэх арванхоёрдугаар сарын 7, 8-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо тоглосноор өндөрлүүлэх аж.

“Michael Learns to Rock” хамтлагийн Монголд хийх тоглолтыг “Evento” ХХК санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын холбоо ажиллаж байгаа ба төслийн зөвлөхөөр хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжим гэрэлтүүлгийг “Тotal Music” компани, хамтран зохион байгуулагчаар  “Вагнер Ази”, “Улаанбаатар палас”-ын хамт олон оролцож байгаа аж.

“Michael Learns to Rock” хамтлаг аялан тоглолтдоо сонсогчдын чихэнд хоногшиж, хит болсон “Paint my love”, “25 minutes”, “That’s why (go away)”, “Sleeping child”, “Take me to your heart” зэрэг дуунуудаа эгшиглүүлэхээс гадна удаан хүлээлгэсэн шүтэн бишрэгчдэдээ олон сюрприз дэлгэх гэнэ.

Тоглолтын тасалбар www.evento.mn цахим хуудсаар худалдаалагдах ба уг тасалбар нь “Micro Siesmic” компанийн бүтээсэн ухаалаг карт хэлбэрээр гарах юм байна. Тасалбарын үнийн хувьд 40, 60, 80 мянган төгрөг гэсэн сонголттой аж. Энэ нь дараа дараагийн шоу тоглолт, үзвэрүүдэд ч ашиглагдах учраас та тасалбараа хадгалаарай. Учир нь, “Evento” ХХК болон төслийн багийнхан ирэх онд дэлхийн томоохон оддын шоу тоглолтыг Монголдоо зохион байгуулахаар төлөвлөгөө гаргасан гэнэ. Тэд дэлхийн оддын тоглолтыг монголчууддаа толилуулах төслийн баталгаа нь удахгүй ирэх  “Michael learns to rock” хамтлаг байх тухай дуулгасан юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж