“Эвлэрүүлэн зуучлагч”

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

“Эвлэрүүлэн зуучлагч”

УИХ-ын дарга хуулиараа УИХ-ын хуралдааныг зохион байгуулах, нэг ёсны зохицуулагчийн үүрэг хүлээдэг. Бусад гишүүдээс илүү эрх мэдэлтэйгээр микрофон эзэмшдэг учраас олон улсад “спикер” гэж нэрлэгдсэн байдаг. Томилогдоод багагүй хугацаа өнгөрч буй З.Энхболд даргын хувьд зөвхөн чуулганы танхим ч гэлтгүй улс төрийн хүрээнд өрнөж буй бусад үйл явдалд ч зохицуулагч хийж байна. Энэ тийм ч муу зүйл биш л дээ, ажлаа сайн л хийж байгаа хэрэг. Ялангуяа Оюутолгойн гэрээгээр халз мэтгэлцээн хийх гэх мэт нийгэмд хүлээлт үүсгэсэн, олны анхаарал татахуйц үйл явдал дээр УИХ-ын дарга анхаарал хандуулахгүй бол өөр хэн анхаарах билээ. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн буюу энэ сарын 19-нд товлогдоод байсан С.Ганбаатар болон С.Баярцогт нарын мэтгэлцээн 23-ны өдрийг хүртэл хойшлогдсон. Хэрвээ сонгуулийн өмнө ийм том хэмжээний үйл явц болсон бол сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлөх ч байсан юм билүү. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийг ч үгүйсгэхгүй. Сонгуулийн ирц хүрэх эсэх нь тэртээ тэргүй л асуудалтай байгаа. Ийм үед мэтгэлцээн яаж ч бодсон хэрэггүй байсан болов уу. Тийм учраас улс орны ирээдүйтэй холбоотой сонгуулиа эхэлж хийчихээд, дараа нь мэтгэлцээнээ зохион байгуулсан нь дээр. Мэтгэлцэх гэж байгаа гишүүд ч энэ саналыг хүлээн авахаас өөр аргагүй болсон. Юутай ч УИХ-ын дарга З.Энхболд хийх ёстой ажлаа сайн хийлээ. Басхүү УИХ-ын даргын зангаргийг ч харуулав. Харин эрхэм гишүүд С.Баярцогт, С.Ганбаатар нарын мэтгэлцээнийг ард түмэн дахиад хэдэн өдөр хүлээх нь.

З.ЭНХДЭЛГЭР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж