Улаанбаатарчууд бид өнөөдөр цацраг идэвхит бодисоор амьсгалж, ууж, идэж байна. бидний эргэн тойрон тэр чигээрээ уран баайна. Гэхэд нийслэлийн иргэн та итгэх үү. Бараг итгэхгүй байх. Бүр цацраг идэвхит бодисоор агаар солигдож, ус байнгын холигдож байдаг аж. Даанч харамсалтай нь энэ бүхний цаана өнөөх л гэр хорооллын нэр цохиж явна.
Улаанбаатар хотод өдгөө гэр хорооллын 165 мянган өрх бий гэсэн тоо гарчээ. Эл тоо нийслэлчүүдийг бүгдийг нь хордуулахад хангалттай хүрэлцэх хэмжээ. Яагаад ийн хэлж байна вэ гэвэл тэд нүүрс түлж, утаа гаргадаг учраас тэр. Тэгвэл нүүрсний утаа ялгарахад агаарт уран дэгддэгийг эх сурвалж хэллээ. Уран гэдэг бол таныг, намайг гэнэт биш аажмаар, үр удмаар минь үхжүүлдэг энэ дэлхийн хамгийн аймшигт бодис. Их хэмжээгээрээ бол үй олноор нь маш хурдан хөнөөнө. Гэр хорооллоос гарсан утаа агаартай нэгдсэнээр мэдээж хэрэг хүний амьсгалын эрхтэнүүд рүү орно. Нүүрсийг химийн өөр нэгдэлтэй исэлдүүлээгүй байхад яагаад уран гардаг юм бэ гэж уншигч та бодож магадгүй. Тэгэхээр гэр хорооллын айлуудын түлдэг нүүрсний найрлага уурхайгаасаа хамаарч өөр өөр байдаг аж. Үүнийг хэлж байгаа минь нийгмийг цочроохдоо биш тэдэнд үнэн зөв мэдээллийг өгөх гэсэндээ ийн бичиж байна. Сүүлийн үед нийслэлчүүд төр засгийн буянаар хямд нүүрс түлэх болсон. Гэтэл тэр нүүрсийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Адуунчулууны ордын нүүрсний утаа, түүний шааргаар хийсэн блокоос цацраг идэвхит бодис ялгардгийг тогтоожээ. Эрдэмтэд, энэ чиглэлийн мэргэжилтнүүд үүнийг мэддэг хэдий ч олныг түгшээхгүйн тулд төдийлөн нийтэд мэдээллэдэггүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хорт хавдарын 20 хувь нь хоол, хүнс, 20-30 хувь нь хүрээлэн буй орчин, 50 орчим хувь нь амьдрахуйн хэв маягаас болдог гэдгийг судалгаагаар гаргасан аж.
Дэлхий дээр жилд 11 орчим сая хүн хорт хавдраар өвдөж 6-7 сая хүн нас бардаг гэдэг. Монголын хувьд өмнө нь жилд 3000-3500 орчим хүн оношлуулдаг байсан бол өмнөх онуудад энэ тоо нэмэгджээ. Тухайлбал, 2008 оны байдлаар 4200 орчим болсон байна. Түүнчлэн манай улсад жилд 3000 гаруй хүн хорт хавдрын улмаас хорвоог орхидог гэнэ. Харин нас баралтын шалтгааны хоёрдугаарт эл өвчин ордог. Тодруулбал, гурван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас бардаг гэсэн судалгаа гарсан байна. Нүүрснээс цацраг идэвхит бодис ялгардаг талаарх дээр мэдээлэлдээ эргээд анхаарлаа хандуулъя. Нүүрсний шааргаас гаргаж авсан блокоос ялгарсан ардон гэх хий хүний биед амьсгалын замаар дамжиж орохдоо эсүүдийг ионжуулдаг байна. Ионжино гэдэг бол өнөөх хорт хавдар болон цусны өвчин үүсгэх гол түлхүүр нь гэнэ.
Монгол Улсын нийслэлд хоёр ертөнцийн хүн амьдардаг. Их, бага Наран, Баянхошуу, Алтан-Өлгий гээд нэлээд олон газар дуугүй хот сүндэрлэнэ. Ингэхдээ амьдчуудтайгаа хаяа нийлүүлэн оршино. Мөн хотын салхины гол чигт нь тэд байрладаг болохоор ялгарах янз бүрийн энерги, химийн бодисууд хотыг бүхэлд нь бүчинэ. Учир мэдэх нэг нь ингэж ярьж байна. “Нас барсан хүний цогцсоос маш олон төрлийн муу бодис ялгардгийг хүмүүс мэдэж байгаа. Тэд нас эцэслэхдээ ямар ч өвчнөөр хорвоог орхиж болно. Гэтэл нийслэлийн ундны усанд үхэгсдийн шарилаас ялгарах бодис нэгдэж байгааг эрдэмтэд тогтоосон” гэлээ. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд цааш нь хэлэхдээ зуны улиралд борооны ус шарилд нэвтрэн орж газрын гүний устай нийлдэг гэнэ. Мөн нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 85 хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй 00-тойг нийслэлийн Эрүүл мэндийн газраас тогтоожээ. Тэгэхээр гэр хорооллын 165 мянган айл, дээрээс нь орон сууцны айлуудын бохир хөрсөнд шингэнэ. Түүнчлэн иргэд бохирын усаа хашааны гадна зориулалтын бус ил газар асгадгаас болж хүний биед хорт хавдар үүсгэх нян, бодисуудыг агаарт илгээдэг аж. Түүгээр барахгүй нүүрсний үнс тэдэнтэй холигдсоноор өнөөх цацраг идэвхит бодис жинхэнэ утгаараа агаар, усанд нэгддэг гэнэ. Мэргэжлийн байгууллагын тогтоосноор нийслэлийн иргэдийн ундны усны найрлагын 3-4 хувьд дээрх төрлийн бодис, хүнд металл агуулагдаж байгаа юм.
Гэхдээ дан ганц гэр хороолол гэлтгүй блокоор барьсан ханаас цэвэр ус дамжуулах трубад ионжсон ус нийлдэг болохыг мөн тогтоожээ. Сэтгэл эмзэглүүштэй энэ мэдээг төрийн дээд түшээд мэдэхгүйдээ биш ямар арга хэмжээ авах нь одоо болтол байхгүй учраас зөвхөн утааг устгах нэрийдлээр улс төрийн шоу хийж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Нөгөөтэйгүүр бага насны хүүхдүүдийн тоглоомд хийсэн зарим нэг шинжилгээгээр формалин хэмээх бодис илэрч байжээ. Энэ нь аль ч насны хүнд хортой. Үхсэн хүний цогцсыг муутгахгүйгээр хадгалахад зориулагдсан химийн элемент агуулагддаг бодис юм. Шарил хадгалах газрынхан үүнийг маш сайн мэддэг. Хүүхдээс хол байлгахыг онцгой анхааруулсан тусгай санамж бүхий бичигтэйгээр хадгалах журамтай эл бодисыг манайхан ямар ч анхаарал хяналтгүйгээр хүүхдээ тоглуулсаар. Үүнийг хяналтын байгууллагынхан шалгах гэхээр хөрөнгө мөнгө нь байдаггүй учраас төдийлөн анхаардаггүй гэнэ. Тэгэхээр бид бөөн хор, цацраг идэвхит бодис дотор амьдардаг нь нэгэнт тодорхой болжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин