-Монгол Улсын банкны тогтолцоонд гарч байгаа өөрчлөлтүүд өнөөгийн хямралыг бий болгосон гэдэгтэй та санал нийлэх үү. Энэ тохиолдолд банкны тогтолцоог өөрчлөх ёстой юу?
-Би банкны чиглэлээр 20-иод жил судалгаа хийсний хувьд Монгол Улс 1990-ээд оны дунд үед банкны тогтолцоог шинэчлэхдээ Эх газрын хуулийн тогтолцооны дагуу нэлээд чанга хэмнэлттэй, ард иргэдийн итгэлийг хүлээсэн, зөв гольдролоор нь хөгжүүлэхэд чиглүүлэн овоо цэгцрээд явж байсан гэж боддог. Сүүлийн жилүүдэд, ялангуяа 2005 оноос хойш макро эдийн засагт гадаад, дотоод мөнгөн урсгал ч ихээр нэмэгдсэн. Банкны хяналь шалгалт ч суларсан. Ингэснээр өмнөх тогтолцооноосоо гажсан хэт либераль хэлбэрт шилжлээ. Үүний үр дагавар өнөөдөр харагдаж байна. Тиймээс хямралыг өчигдөрхөн эхэлсэн гэж хэлж болохгүй. Эх газрын хуулийн тогтолцоонд банкинд орж, гарч байгаа мөнгө, эзэмшигч зэрэг нь маш тодорхой, хатуу хяналтад байдаг. Англи Саксоны хууль буюу зах зээлийн чөлөөт тогтолцоотой орнуудад бол ийм чанд хяналт байхгүй. Хатуухан хэлбэл ТҮЦ нээж байгаа юм шиг байгуулах нь ч, дампуурах нь ч чөлөөтэй, нээлттэй байдаг. Манай Үндсэн хууль Эх газрынх. Банкны тогтолцоогоо ч анх Эх газрын хуулийн дагуу хийж эхэлсэн. Гэтэл олон газарт боловсрол эзэмшсэн, сурсан сонссон зүйлийнхээ утга агуулгыг сайн ойлгоогүй дөнгөж бакалаврын түвшинд төгсөгчид хэт мэдэмхийрснээс, мөн улстөртэй холбоотойгоор бүх зүйл задгай чөлөөтэй тавьснаас болж Монголын банк санхүүгийн систем аль тогтолцоогоор явж байгаа нь ч мэдэгдэхгүй болчихоод байна. Одоо эргээд Эх газрын тогтолцооны хяналттай, ойлгомжтой, ил тод хэлбэрт орох тухай ярьж эхэллээ.
-Та мэргэжлийн хүний хувьд Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн “Банкны бүтцийг өөрчлөх, дахин хөрөнгөжүүлэх” төсөлтэй танилцав уу, ямар санагдав?
-Манай улс сүүлийн нэг жил хагасын хугацаанд хямрал гэж ярилаа. Маш удаан ажиллаж байна. “Анод”, “Зоос” банкуудын асуудлаас шийдэгдсэн зүйл алга. Улсын төсвөөс татвар төлөгчдийн 250 тэрбум төгрөг гараад явчихсан байдаг. Байдал улам хүндэрч байхад ингэж удаан шийддэг, дандаа гадны зөвлөх авдаг байхад банкны салбарт шинэчлэлт гарахгүй. Бид өөрсдөөс хамаарах ажлаа хийхгүй байна шүү дээ.
-Гадны зөвлөх авах буруу гэж үзэж байна уу?
-Би энэ чиглэлийн судлаачийн хувьд Монголд ямархуу мэргэжилтнүүд бэлтгэгдээд яаж ажиллаж байгааг харж байна. Энэ чинь ерээд оны эхэн үе биш шүү дээ. Тэр үед зах зээлийн эдийн засаг, банкны тогтолцоог мэдэх хүн цөөн байлаа. Өнөөдөр баруунд төгсөөд доктор хамгаалсан судлаач, гадна дотны банкинд ажилласан практик туршлагатай хүн ч олон боллоо. Энэ нөхцөлд Монголынхоо эдийн засгийг мэддэг хүмүүс нь монголчууддаа тохирсон зөвлөмж гаргаж бодлогоо хэрэгжүүлж чадна. Ази, Латин Америк, Ойрх Дорнодод судалгаа хийсэн хүмүүс Монголд таарсан бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй. Гэтэл заавал өндөр үнээр гадныхныг авчирж ажиллуулаад байгааг нь гайхаад байгаа юм. Эсвэл манай банкуудын нөхцөл байдлаас Монгол Улс 2000-аад оны эхэн үед байна гэж ойлгож басамжлаад байна уу. Хорин жил болчихоод байхад мэргэжлийн байгууллага, хүмүүсээ чамлаж, дорд үзэж болохгүй байх. Тэгээд ч гадны зөвлөхүүдийн боловсруулсан төсөл хөтөлбөр олигтой үр дүнд хүрээгүй тохиолдолд тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Нэг тайлбар өгсөн болчихоод л яваад өгдөг. Зардал талаасаа ч гэсэн дотоодын мэргэжилтнүүд гадныхнаас 2-3 дахин бага зардлаар манай эрдэмтэн судлаачид илүү үр дүнтэй зөвлөгөө өгчих л байсан юм. Гэтэл яагаад гадныхныг шүтээд байна вэ? Эцэст нь хэлэхэд Монгол Улсын эдийн засаг том гүрнүүдийн анхаарлын төвд байгаа энэ цаг үед гадны зөвлөгч гээд байгаа энэ хүмүүс ямар зорилгоор зөвлөгөө өгөх бол гэдэгт би эргэлзэж байна. Сүүлийн жишээнээс харахад Оюутолгойн гэрээг батлах үед “Дэлхийн өсөлт” олон улсын байгууллага, Вашингтоны зөвлөх зэрэг янз бүрийн гадны зөвлөхүүд идэвхтэй ирж зөвлөсөн. Тэд аль нэг талын ашиг сонирхлыг баримталсан, тодорхой улс орон, компанийн эрх ашгийг хамгаалсан зүйл яриад байгаа нь харагддаг. Энэ байдал банкны салбарт давтагдахыг ч үгүйсгэхгүй. Хаа сайгүй л ийм явдал байдаг юм чинь. Тиймээс олон талаас нь анхаарах хэрэгтэй.
-Дэлхийн банкны санал санаачлагаар банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх гэж байна гэж яриад байгаа. Та энэ байгууллагыг сайн мэдэх хүний хувьд тэдний зөвлөмж, зөвлөгчдийн талаар ямар бодолтой байна?
-Дэлхийн банк, олон улсын байгууллагуудтай олон жил ажиллаж байсны хувьд тэдний зөвлөхүүдийн дотор сайн, муу аль аль нь бий гэдгийг л хэлмээр байна. Сайн зөвлөх бий. Гэхдээ тодорхой эрх ашиг, сонирхлыг төлөөлсөн нь ч байдаг л юм. Ний нуугүй хэлэхэд зарим нь боловсролын хувьд ч биднээс илүүрхэх юмгүй, Монголыг сайн мэдэхгүй, хөгжиж буй зарим орныг мэддэг, түүнийгээ л ярьдаг хүмүүс ч ирдэг. Сүүлийн үед Дэлхийн банкны зөвлөхүүд манай салбар бүрт хандсан зөвлөгөө өгөөд байгаа харагдах юм. Нэг өдөр төрийн алба, маргааш нь жижиг дунд үйлдвэр, дараа нь банкны салбарт ч зөвлөдөг байх жишээтэй. Монгол Улс өнөөдөр хөгжлийн арай өөр түвшинд очоод байна. Олон улсын анхаарлын төвд байж, тэдний санаа оноогоо солилцож, ядаж л өөрийгөө хамгаалах ярьчих чадвартай болоод байгаа шүү. Дэлхийн банк чухал байгууллага гэдгийг ойлгож байна. Гэхдээ ирж байгаа зөвлөхүүдийн сонголт ямар байгааг анхаарах хэрэгтэй. Би лав зуун хувь лут хүмүүс ирж зөвлөөд байна гэж хэлж чадахгүй. Саяхан бас Туркийн зөвлөх ирж туршлагаа яриад явсан. Үнэндээ Турк, Монгол орнууд “тэмээ, ямаа” шиг ялгаатай. Тэдэнтэй ижилгэх, дуурайх боломжгүй. Монголоор туршилт хийчихээд явахад бид л хохироод үлдэнэ.
-Бүтцийн өөрчлөлтийн төсөлд байгаа анхаарал татсан нэг асуудал нь өөрийн хөрөнгөний үзүүлэлтийг наад зах нь долоон хувь, нийт өөрийн хөрөнгийн үзүүлэлт нь 14 хувьд хүрэхгүй байгаа банкуудыг дахин хөрөнгөжүүлэх шаардлагатай. Хэрэв зохист хэмжээнд хүртэл хөрөнгөө өсгөж чадахгүй бол төрийн мэдэлд шилжүүлнэ гэсэн байна. Бүтцийн өөрчлөлтийг ингэж хийдэг юм уу. Таны ажиллаж байсан гадны банкууд бүтцийн өөрчлөлтөө яаж хийж байсан бэ?
-Аливаа арга хэмжээг авахад хэзээ авах вэ, ямар хугацаа өгөх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Дээр нь одоогийн нөхцлийг бүх талаас нь харгалзахгүйгээр арга хэмжээ авч болдоггүй. Арилжааны банкуудыг хүчээр нэмэгдүүлэх тухай эртнээс сонсогдсон. Хувийн бизнесийн байгууллагыг хүчээр томруулж, сайжруулна гэдэг бол төрийн оролцооны зөв хэлбэр биш. Тодорхой хугацаа өгөх хэрэгтэй. Би Герман, Австрийн төв банкинд ажиллаж, банкны системийг нь судалгаа хийж байсан. Ийм богино хугацаанд өөрчилнө гэж байдаггүй. Доод тал нь хагас жил, түүнээс дээш хугацаа өгөх хэрэгтэй. Тухайн банкныхан бүтцээ өөрчлөх, шинэ хөрөнгө оруулагч хайх, шинэ зохион байгуулалтын нөхцөлдөө дасах зэрэгт хугацаа шаардагдана. Зах зээлд шилжин хувийн хэвшлээ хөгжүүлж 20 жил болчихоод ийм огцом өөрчлөлт хийж болохгүй. Хэвлэлд гарсан төсөлтэй танилцсан. Энэ бүтцийн өөрчлөлт ихээхэн эрсдэлтэй, хатуухан хэлэхэд ийм богино хугацаанд өөрчлөлт хийхийг шаардсан нь нэлээд дарангуйлсан шинжийн арга хэмжээ юм уу гэж санагдсан.
Дээр нь таны хэлсэн банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувийг 14 болгож нэмэгдүүлэх, банкуудыг томруулъя гэдэг ч үнэхээр асуудал. Өнөөдөр том зах зээл бий болсон тохиолдолд үр ашгаа бодоод банкууд хоорондоо нэгдээд ажиллахыг нь хязгаарласан зүйлгүй. Гэтэл түүнийг заавал хүчээр нэгтгэх гэж яарах нь буруу. “Хадгаламж”, “Монгол шуудан” банк шиг “Жижиг банк цаашид явахгүй нь” гэдгийг ойлгоод нэгдэх үйл явц цаашид ч үргэлжилнэ. Банк бол стратегийн чухал салбар. Хөрөнгө мөнгө огцом нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаад би эргэлзэж байна. Гадна, дотноос бохир мөнгө Монголыг хөгжүүлэхээс өөр зорилгоор орж ирээд банкны салбарыг улам тогтворгүй болгохыг ч үгүйсгэхгүй.
Засгийн газраас өнөөдөр банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг ярьж байна. Өнөөдөр төсвийн байдал Засгийн газрын хэрэгжүүлж байгаа олон зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа. Тийм их мөнгө хаана байна? Ашигт малтмалаа барьцаалж олно гэж яриад байна. Энэ бол бодлогогүй, үр ашиггүй арга зам. Хэдхэн жилийн дараа эргээд маш хүнд байдалд орно. Тиймээс болгоомжтой хандах хэрэгтэй. Эхлээд өнөөдөр дампуурчихаад байгаа хоёр банкныхаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Луйвардсан хүмүүс ял зэмгүй явж байна. Харин ч бүтцийн өөрчлөлт гэх том ажлын цаана тэдний хэрэг бүдгэрчих вий гэж санаа зовж байна шүү.
-Г.Мянганбаяр бүх эзэмшлээ өртэйгээ хамт “Голдман сакс”-т зарсан гээд байгаа. Гадны банктай холбоотой ийм асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?
-Олон улсын хууль, манай хуульд ч энэ талаар тодорхой заасан байгаа. Манай Ашигт малтмалын газар, Монголбанк зохих ёсоор ажиллаагүй, хууль зөрчсөн л гэж үзэхээс өөр аргагүй. Нэг банкинд барьцаалсан лицензийг өөр газарт зарж, шилжүүлж болдоггүй. Гэтэл нэг газарт барьцаалчихаад байхад хэд хэдэн газар авсан байгаа юм. Ингээд гадны байгууллага асуудлыг хөндөөд хэрхэн шийдэхийг нь хүлээж байна. Уг нь судлаач, мэргэжлийн хүмүүс гэлтгүй хэнд ч тодорхой. Тэр тусмаа барууны оронд бол хуулийн байгууллагаар аль хэдийнэ шийдчихсэн л байх асуудал. Энэ асуудлыг шийдэхгүйгээр том асуудал яриад байгаа нь өөрөө сонин байна.
-Монголын төр банктай байхын зовлонг үзсэн. Гэтэл “Зоос”-ыг аврахын тулд байгуулчихаад байгаа. Төрийн банкны хувьчлалын асуудлаас урьтаад хөрөнгө багатай арилжааны банкуудыг төрийн мэдэлд шилжүүлэх тухай ярьж эхэллээ. Төр энэ менежментийг цэвэр, ашигтай хийж чадах уу?
-Одоогийн Төрийн банк, түүний ирээдүйг шийдээгүй байж бүтцийн өөрчлөлтийн төсөлд Төрийн банкны үүрэг ролийн талаар их дурьдсан байна билээ. Төр худалдаж аваад, их хэмжээний зээлийн өртэй, мөнгө луйвардсан хүмүүсийн асуудлыг эзэнгүй, тодорхойгүй болгоод байвал харин энэ нь бүтцийн өөрчлөлтийг ямар зорилгоор хийх гээд байна, цөөн хэдэн луйварчныг хаацайлсан бодлого байна уу гэдгийг хүртэл бодох хэрэгтэй. Одоогийн Төрийн банкны хувьд Европын сэргээн босголтын банкнаас тодорхой цалин өгөөд ажиллаж байгаа. Би Европын сэргээн босголт банкныхантай олон жил хамтарч ажилласан. Тэдний зорилго бол арай өөр. Ашиг олох бус Зүүн Европын орнуудын хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан. Үүнд нэг их эргэлзэхгүй байна. Ер нь жижиг банк болгоны муу зээлийг авч хаяад дундаас нь “Төрийнх болгож байна” гээд татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод байгаа энэ хэлбэр буруу. Ингэснээр банкны хариуцлагыг ч сулруулж, мөнгө завшигчдыг ч өөгшүүлнэ. Төрийн банк болгоныг ийм зорилгоор байгуулаад байвал буруу. Төв Европын орнуудад байдаг Хөгжлийн банкны хэлбэрээр хөгжлийн тодорхой түвшинд том асуудлыг шийддэг байхаар тодорхой хяналттайгаар байгуулж болно.
-Л.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгчийн ажлыг авангуутаа “Арилжааны банкуудыг цөөлөх”-өө мэдэгдсэн нь хатуу шүүмжлэлтэй тулгарсан. Одоо Дэлхийн банк энэ талаар идэвхтэй ярьж эхэллээ. Арилжааны банкууд үнэхээр ихдээд байна уу. Зах зээлийн шалгуураар зэрэгцэн ажиллаад шударга өрсөлдөж болдоггүй юм уу?
-Зах зээлийнхээ жам ёсоор явах ёстой. Үр ашгаа дээшлүүлэхийн тулд томрох шаардлагатай бол аяндаа томроод ирнэ. Хүчээр буюу жаахан шахаж ажиллуулъя гэвэл тодорхой хугацаа өгөх хэрэгтэй. Хэт богино хугацаанд барьж шахаж болохгүй. Урьд нь ч бид арилжааны банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэхээр 1-2 жилийн хугацаа өгч байсан. Арилжааны банк ч гэсэн бизнесийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага учраас өөрийн үйлчлүүлэгчтэй, тодорхой түвшинд харьцаад сурчихсан байдаг. Жижиг, дунд бизнес гээд байгаатай адил. Тиймээс уул уурхайн том компаниудтай харилцах том банкууд нь байдаг л юм байгаа биз. Жижиг дунд бизнес эрхлэгчидтэй харьцаад, зүй ёсоор ажиллаж, ашиг олоод байгаа бол байж л байг л дээ.
-Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэг нэгжээр нэмлээ. Мөнгөний бодлогыг хатууруулсан нь инфляцид хэрхэн нөлөөлөх бол. Таны таамаглал ямар байна?
-Эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохоо больсон нь сүүлийн жилүүдэд илт анзаарагдах боллоо. Жил хагасын өмнө тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх, бусад мэргэжилтнүүд нь мөнгөний бодлого ямар үндэслэлээр яаж хэрэгжих ёстой талаар тайлбарлаж байсан. Дараа нь хямрал эхлэхэд энэ асуудлаар томоохон хурал хийсэн. Олон чухал санал гарсныг санаж байна. Харамсалтай нь өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд бодитойгоор хэрэгжсэн зүйл бараг алга. Өөрөөр хэлбэл, бид алдаан дээрээ суралцахгүй байна. Эргээд алт, зэсийн ханш суларч хямарвал нэг жил хагасын дараа өмнө нь ярьж байсан зүйлсээ дахиад л ярих болох нь. Бүгдийг нь мартсан бололтой.
-Тэгвэл та жил хагасын дараа дахиад инфляци өсч хүнд байдалд орно гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Эдийн засгаа зөв оношлож, эмчлэх асуудал зөрүүтэй хэрэгжиж байна. Оношыг нь эрдэмтэд судлаачид гаргасан. Эмчлэхгүй байна. Банкны хувьд ялгаагүй. Мөнгөний хатуу бодлого гарцаагүй инфляцийн өсөлтийг эмчилнэ гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ байдлаараа бол оны эцэст инфляцийн түвшин 20-иод хувьд хүрч мэдэхээр байна. Урьтаад мөнгөний хатуу бодлого баримтлах гэхээр улстөрчид шүүмжилдэг. Ер нь эдийн засгийн нарийн асуудлыг цэвэр мэргэжлийн байгууллага, хүмүүс л шийддэг болохоос улстөрчид шийддэг юм биш. Энэ талаар бид өнгөрсөн хугацаанд нэг том алдаа хийсэн.
-Ямар алдаа?
-Буруу бодлого явууллаа гээд улс төрийн дүгнэлт гаргаж Монголбанкныхаа ерөнхийлөгчийг, дэд ерөнхийлөгчдийг огцроход хүргэж шахалтад оруулсан. Өмнөх ерөнхийлөгч бол мөнгөний бодлогоор АНУ-д цолоо хамгаалсан доктор хүн. Цэвэр мэргэжлийн үүднээс ажилласан. Гэтэл өнөөдөр шүүмжлээд байсан бодлого руугаа орохоос аргагүйд хүрлээ. Цаашид дахин энэ эмзэг салбар дээр битгий улстөржөөсэй.
-Одоо та ямар алба хашиж байна?
-Эдийн засаг, санхүүгийн бодлого, судалгааны төв гэдэг байгууллагын тэргүүнээр ажиллаж байна. Салбарынхаа чиглэлээр гадаад, дотоодын эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийдэг.
Улстөрийн тойм