танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг шинэ номынхоо нээлтийг хийсэн гэж сонссон. Миний санаж байгаагаар таны зохиосон дөрөв дэх ном байх аа?
-Тийм. Монголчууд Монголоороо үлдэж, хөгжихийн тулд Чингис хааны этик хэрэгтэй гэдэг үндсэн дээр “Хөгжлийн гарц” гэсэн нэртэй ном бичиж дуусаад өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтийг нь хийлээ.
Монголчууд маш олон жилийн турш монголоороо амьдарсангүй. Тухайлбал, түвдийн шашин биднийг лам, манжууд албатаа, хятадууд түүхий эд нийлүүлэгчээ болгож байсан түүх бий. Оросууд биднийг суурин амьдралд сургасан. Үүний дараа америкчууд Монголыг ардчиллын үлгэр жишээ орон болгоно гэж итгэж, найдаж горьдсон хүмүүс л болж хувирсан шүү дээ. Өнөөдөр бид “Америкийн ардчилал”гээд бас л бидний биш зүйлийг яриад явж байна. Тиймээс бид хөгжлийнхөө явцад “Бидний” гэсэн тодотголтой зүйлийг хэрхэн бий болгох вэ гэдгийг л энэхүү номдоо өгүүлсэн юм.
-УИХ-ын сонгуулийн дараагаас эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх номыг бичсэн байх нь ээ?
-Тэгсэн, тэгсэн. УИХ-ын сонгуулийн дараагаас эхлээд Монголын нийгэм, Монгол хүнд юу дутагдаж байгааг филисофич хүний нүдээр хараад надад нэлээд бухимдал төрсөн юм. Тэгээд ном бичих хэрэгтэй юм байна гэж бодсон. Ер нь ном гэдэг аливаа нэгэн бухимдлаас л төрдөг үр хүүхэд шүү дээ. Гэхдээ бухимдлаа гээд тэр номоор дамжуулж сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлсэн юм биш. Харин мэдлэг, боловсролоороо дамжуулж туйлшрахгүйгээр онолын түвшинд дүгнэлт хийсэн л ном болсон гэж бодож байгаа. Хүмүүс ч их сайхан хүлээж авч байсан шүү.
-УИХ-ын сонгуулийн үр дүн гарсны дараа танай намтай эвсэж нэр дэвшсэн БНН-ын дарга Б.Жаргалсайханаас эхлээд олон хүн “УИХ-ын Сонгуулийн үр дүн будилаантай болсон” гэх зүйлийг ярьж байсан. Та харин дуугүй байсан. Ямар учраас тэр вэ?
-Сонгогчид сонголтоо хийсэн учир би олон зүйл ярихыг хүсээгүй юм. Тэгээд ч хүмүүс юу ярих нь өөрсдийнх нь эрхийн асуудал шүү дээ. Тухайн үед саналын хуудас тоолох автомат машинд итгэхгүй байсан хүмүүс өөрсдийн үзэл бодлыг хамгаалсан хэрэг л гэж дээрх үйлдлийг харж байсан. Түүнээс биш тэдэнтэй нэгдээд гомдоллоод байхыг хүсээгүй.
-Ингэхэд та цаашдаа Хамуг Монголын хөдөлмөрийн намын даргын албан тушаалаа хаших уу, эсвэл ном бичээд явах юм уу. Нэг л ойлгомжгүй болчихоод байна л даа?
-Одоогоос сар орчмын өмнө байх аа. Би хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэрхүү хурлын үеэр “Энэ удаагийн хэвлэлийн бага хурал бол улс төрийн хүрээнд хийж байгаа миний хамгийн сүүлчийн үйл ажиллагаа” гэж хэлж байсан. Тухайн үед би улс төрийн байдалд дүгнэлт хийгээд улс төрийн намууд маань улс төрийн талаар зөв ойлголттой болох ёстой гэдэг гаргалгааг олж харсан. Улс төр хийнэ гэдэг чинь улс орны шилдгүүд нийлж байгаад хөгжлийн төлөө зүтгэхийг хэлдэг болохоос биш зүгээр нэг улс төрийн нам гэсэн нэр зүүчихээд хоорондоо үзэлцээд байдаг үйл ажиллагаа биш. Манай улс төрийн намууд өнөөдөр нам гэдэг ухагдахууныг ч ойлгохгүй байна шүү дээ. Энэ бүхэн өнөөдөр улс төрийн намуудад улс төрийн онол, филисофи мэддэг хүн байхгүй байгаа учраас л үүсэж байгаа асуудал. Тиймээс юм мэддэг хүний үгийг сонсож, хамтарч ажиллаач ээ гэж дээрх хурлыг хийсэн юм. Өөрөөр хэлбэл, АНУ, Японоос хүмүүс авчирж хэдэн мянган ам.доллараар цалинжуулж байхын оронд надтай хамтраач ээ л гэсэн юм. Тэр хүмүүс чинь монголд жуулчин маягаар ирээд л жуулчин хэвээрээ буцчихаж байгаа биз дээ. Харин би тэдний оронд ажилласан бол Монголын улс төрд загвар болох хэмжээний онол гаргах л байсан. Тиймээс иймэрхүү доод түвшний улс төрөөс салж, дээд түвшний улс төрийг хийцгээе гэж намуудад уриалга хүргүүлсэн.
-Та чинь ингэхэд монголд ирээд хэр удаж байгаа юм бэ?
-Монголдоо ирээд яг таван жил болж байна.
-Таван жилийн хугацаанд Монголын улс төрийг чиглүүлээд явах хэмжээнд судалсан гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ дээ. Яг л алган дээр байгаа юм шиг л байна шүү дээ. Монголын улс төрийн үйл ажиллагаа.
-Арай бага хугацаа биш үү?
-Их, бага гэдэг чинь хугацааны асуудал биш. Мэдлэгийн асуудал л даа. Бага хугацаанд их мэдлэг, их хугацаанд бага мэдлэг хуримтлуулж болно. Улс төрийн онолын мэдлэг, боловсролыг бид ерөөсөө мартаж болохгүй. Ирээд хэсэгхэн хугацаанд харахад л хангалттай байсан. Улс төрийн онолтой надтай ярилцчихаар хүн байна уу гэдгийг мэдэхэд тийм ч их хугацаа шаардахгүй. Арай гайгүй нь Н.Энхбаяр гэдэг хүн юм байна гэж бодож байсан. Андуурсан байсан.Тэгээд л болсон. Гэхдээ би өнгөрсөн асуудлын талаар ярилцмааргүй байна. Би өнгөрсөн рүүгээ эргэж харах дургүй хүн л дээ.
-Улс төрийн намууд танд ямар хариулт өгсөн бэ. Хэрэв ямар нэгэн санал тавихгүй бол улс төрөөс хөндийрнө гэсэн үг байх нь ээ?
-Монголын улстөрчид миний улс төрийн мэдлэгийг хэрэглэе гэвэл хэрэглэ, хэрэглэхгүй бол надад ингэж явах шаардлага байхгүй гэдгээ маш тодоор, зоригтойгоор илэрхийлж байгаа хүн би. Гэхдээ одоогоор надад ямар нэгэн санал ирүүлээгүй байна. Энд онцгойлж би заавал улс төр рүү орж байж амьдралаа залгуулах гээд байгаа юм биш гэдгийг хэлмээр байна. Зөвхөн Монголын улс төр бусад орны улс төрийн жишгээр хөгжөөсэй гэж хүссэний үндсэн дээрх л энэ бүхнийг хийгээд байгаа юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Танд ямар нэгэн санал тавихад цаг хугацааны хувьд одоо өнгөрчихсөн үү?
-Орон нутгийн хурлын сонгууль болох гээд улстөрчид завгүй байх шиг байна л даа. Би цаг үеэ олоогүй байж магадгүй л юм. Тиймээс би оны сүүлч хүртэл харна гэж бодож байгаа. Дараагийнхаа номыг бичих гээд эхэлчихсэн байгаа. Хэрэв ямар нэгэн санал ирүүлэхгүй бол дараа жилээс соён гэгээрлийн ажилдаа анхаарлаа хандуулан ажиллана гэж бодож байгаа.
-Ямар нэгэн санал тавьдаг. Гэтэл та Герман руугаа ч юм уу яваад өгчих вий дээ?
-Санал тавихгүй бол би явна шүү дээ. Монголын төр миний мэдлэгийг ашиглахгүй бол би энд юу хийх юм. Гэхдээ гадаад гэхээсээ илүүтэйгүүр хөдөө гарч амьдардаг ч юм билүү гэж бодогдох болсон шүү. Нэг сайхан гол, устай газар очоод номоо бичээд, голын эргээр алхаад тархиа сэргээгээд явахад надад дутах зүйл байхгүй гэдгийг баталгаатай хэлж чадах байна.
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнг та юу гэж харж байгаа вэ?
-Би анхнаасаа л пропорциональ системээр сонгуулийг зохион байгуулах нь улс төрийн намууд төлөвшөөгүй манай улсад арай ахадсан ажил гэж хэлж байсан. Миний хэлснээр л болсон гэж бодож байгаа. Тухайлбал, намын нэрийн жагсаалтын эхний тавд нас барсан хүний нэрийг тавьсан байсан ч УИХ-ын гишүүн болох нөхцөл бүрдсэн шүү дээ. Манай улс төрийн намууд өнөөдөр ийм л байдалтай байна. Сонгогчид маань ч УИХ-ын сонгуулийг зохион байгуулсан шинэ системийг ойлгоогүй байж байгаад л санал өгсөн шүү дээ. МАХН өнөөдөр Засгийн эрхийг барьж байгаа нь Монголын улс төрийн тогтолцооны алдааг олон нийтэд ил болгож байгаа баталгаа. Энэ бол Монголын улс төр ямар буруу замаар явж байсныг харуулж байгаа юм. Хэрэв зөв явж байсан бол Ардын нам, Ардчилсан нам дахиад л сонгогдох ёстой байсан.
-Та МАХН-аас гарсандаа харамсдаг уу. Хэрэв өнөөдөр МАХН-д байсан бол намын нэрийн жагсаалтаар нэр дэвшээд УИХ-ын гишүүн болчихсон л байх байсан гэж бодож байна?
-Огтхон ч харамсдаггүй шүү. Харин ч өөрийгөө зөв сонголт хийсэн гэж боддог. УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байхдаа намын нэрийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийг хараад үнэндээ гутарсан. Ийм хүмүүстэй УИХ-д зэрэгцээд сууж байх юм байна гэж бодохоос тэр шүү дээ. Гэхдээ би МАХН гэдэг намыг бий болгоход гар бие оролцсондоо харамсдаггүй. Өнөөдөр энэ нам бий болсноор Монголын улс төрд бугшсан асуудлууд ил болж байна шүү дээ.
-Монголын улс төрд бугшсан зүйл нь юу гэж?
-Ардчилсан нийгэмд амьдарч буй хүмүүс ажил, амьдралаа эрх чөлөөтэйгээр зохицуулж чаддаг байх ёстой. Гэтэл өнөөдөр манайд иргэн бүр улс төрийн намаас хамааралтай болчихсон байна шүү дээ. Аль нэг улс төрийн намын гишүүн байж хамгаалалт авдаг, ажилтай болдог болчихсон учир монголчууд улстөржихөөс өөр аргагүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл, төрд хувалз мэт наалдаж байж амжилттай явдаг жишиг тогтчихлоо. Орос орон яг 100 жилийн өмнө ийм байсан шүү дээ. Тэр үед Ленин гарч ирээд энэ байдлыг халж, 1917 он гэхэд Орос улсыг хөл дээр нь босгож чадсан.
-Одоогийн Засгийн газар ч гэсэн яг л тэр үйлдлийг хийж байгаа юм биш үү. Тухайлбал, төрд наалдсан хачиг гээд байгаа хүмүүсийг салгаж эхэлж байна гэж бодож байгаа?
-Ардчилсан нам цэвэрлэгээгээ дотроосоо л эхлэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Ардчилсан намд төрөөс төрсөн тэрбумтан хэд байгаа билээ гэдгийг мартаж болохгүй. Ер нь бол Ардчилсан нам ч бай, Ардын нам ч бай, МАХН ч бай бүгдийг нь аудитаар оруулах ёстой. Үнэхээр л Монгол Улсад шинэчлэл хүсэж байгаа юм бол дээрх намууд сайн дураараа аудитаар орох ёстой. Тэр ч бүү хэл монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагуудыг ч аудитаар оруулах ёстой гэж боддог юм. Ингэж байж л улс төрийг өөрчлөх эхлэлийг тавина шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин