
Шууд ардчилал хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар наймаас арван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Иргэд дөрвөн жилд ганц удаа сонгуулиар төлөөллөө сонгоод л төр засгийн үйл ажиллагаанд түүгээрээ дамжуулж оролцож байгаа хэмээн ойлгодог. Тэгвэл төр, засгийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох боломж “Шууд ардчилал”-ын зарчмыг хэрэгжүүлснээр бүрдэнэ. 2013 оноос Монгол Улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлогыг шинэ хуулийн дагуу хэрэгжүүлэх эрхзүйн орчин бий болно. Өмнө нь төсвийн 8 хувь л Монголын 2,7 сая иргэнд хамаатай байсан бол хууль, эрхзүйн шинэ орчин бүрдсэнээр төсвийн хөрөнгийн 30-40 хувь нь орон нутагт, иргэдийн мэдэлд шилжиж байна гэж Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх ярилаа.
Ирэх жилээс Орон нутгийн хөгжлийн санг байгуулна. Түүнийг захиран зарцуулах, тайлагнах үлгэрчилсэн журмыг Ерөнхийлөгчийн Тамгын газар боловсруулжээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шинэчлэн боловсруулж буй Архидан согтууралтай тэмцэх тухай хуулийн төслийн талаар иргэдэд мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, лектор Ж.Гижир монголчууд амьдралын дайсан болсон архи, тамхинаас татгалзаж, элдэв мухар сүсэгт авталгүй эрүүл саруулаар сэтгэн ардчиллаа гүнзгийрүүлэх ёстой хэмээн ярьж, спиртээс татгалзан спортыг сонгож эрүүл чийрэг иргэд болох ёстойг, мөн байгаль дэлхийгээ хамгаалахыг уриаллаа.