“Сод Монгол”-ын ШТС-ийг татан буулгажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

“Сод Монгол”-ын ШТС-ийг татан буулгажээ

Хүүхдийн
цэцэрлэг сургууль, орон сууцны хажууд шахам тэсрэх бөмбөгтэй зүйрлэм
Шатахуун түгээх станц /ШТС/-ууд айдас дагуулан айлссан хот бол
Улаанбаатар. Автомашин угаалга, засварын газар, супермаркет гэсэн
нэрийдлээр шөнийн цагаар нууцаар барилгаа барьсаар ШТС гэсэн хаягтай
“ургаад” гараад ирсэн тохиолдол ч бий. Тэр тусмаа зөвшөөрөлгүй, аюулгүй
байдлыг хангаагүй ШТС-ууд олон байгаа харанга дэлдсээр байгаа тул
өнгөрсөн есдүгээр сараас ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Шалгалтаар
илэрсэн бүх зөрчлийг ажлын 21 хоногт багтаан арилгуулахыг Нийслэлийн
Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох байгууллагуудад өнгөрсөн сарын 18-нд
үүрэгдсэн билээ. Энэхүү арга хэмжээ авах хугацаа дууссан тул татан
буулгах, газар чөлөөлөх, улсын комисст хүлээлгэн өгөх ёстой ШТС-уудад
арга хэмжээ авсан эсэхийг сурвалжилснаа толилуулъя.

Хэдийгээр
зөрчилтэй ШТС-уудад арга хэмжээ авах хугацаа энэ сарын 16-нд дууссан
байх ёстой боловч Нийслэлийн мэргэжлийн хянатын газар /НМХГ/,
“Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ” ХХК, Нийслэлийн газрын алба,
Нийслэлийн онцгой байдлын газар зэрэг байгууллагын 19 гишүүний
бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн шалгалтын эцсийн дүн гараагүй байсаар. 
Өнгөрсөн есдүгээр сард шалгалтад хамрагдсан 51 ШТС-аас ил савтай
шатахуун түгээж байгаа хоёр, үер усны далан дээр буюу ойролцоо баригдсан
13, улсын комисст хүлээлгэн өгч үл ажиллагаа явуулах эрх аваагүй 22,
ШТС-ын аюулгүйн зайг зөрчин барилга байшин барьсан 16 зөрчил илэрсэн.
Энэ талаар НМХГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Нийслэлийн Засаг
даргын Тамгын газар /НЗДТГ–аас манайд өнгөрсөн аравдугаар сарын 23-нд
Шатахуун түгээх станцуудад арга хэмжээ авах тухай албан бичиг ирсэн.
Ажлын хэсэгт багтсан гишүүд хараахан саналаа өгч амжаагүй байгаа тул
шалгалтын хариу ирэх лхагва гариг гэхэд гарчих байх” гэсэн юм.

Татан буугдсан “Сод Монгол”-ын 32 дугаар ШТС

Хамгийн
ноцтой зөрчил буюу ил саванд шатахуун борлуулж байгаа “Сод Монгол”
компанийн ШТС-ийг  татан буулгах шийдвэр ЗДТГ-аас гаргасан.  Энэ тухай
НМХГ-ын эх сурвалжаас тодруулахад “Татан буулгах шийдвэр нь гарсан. 
“Сод Монгол”-ын ШТС-уудыг хараахан татан буулгаагүй байгаа. Үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан 22 ШТС-аас ажлын
хэсгийн гишүүдийн саналаар татан буугдах ШТС цөөнгүй байх болов уу”
гэсэн юм.

Газрын хөрсөн дээр хагас ил буюу шатахууны савыг
шороогоор далдалж үйл ажиллагаа явуулж байгаа “Сод Монгол” компанийн
ШТС-ийг татан буулгах шийдвэр энэ сарын 18-нд гарсан. Нөхцөл байдал ямар
байгааг сонирхон  Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо буюу “Монвит”
засварын төвийн ард байрлах “Сод Монгол” компанийн 32 дугаар ШТС-ыг
зорьсон юм. Хаягаар очтол энэ хавьд ямар нэгэн шатахуун борлуулж байгаа
станц байтугай машин тэрэг ч харагдсангүй. Хашааны булан тойрмогц
нууцлагдмал газар ямар ч хаяггүй урт төмрөн хашаа байна. Хашаан дээгүүр
хартал шатахуун түгээгч машин, хошуунуудыг гялгар уутаар баглан,
хашаагаа түгжсэнээс харвал ШТС-ыг татан буулгасан нь энэ бололтой.

ШТС-ын
ойролцоо амьдардаг иргэн н.Энхболдбаатараас  лавлахад  “Уг нь энэ
ШТС-ыг жолооч нар андахгүй. Шатахуун түгээж байгаа мөртлөө хаяггүй
ажилладаг байсан. Эндхийн ШТС шахалт сайтай гээд Шархадны наймаачид,
жолооч нар энэ газраар үйлчлүүлэх сонирхолтой байдаг байсан. Харин ойрын
найм хоног ажилласангүй. Сургийг сонсоход, зөвшөөрөлгүй ажиллаж байсан
гээд хаасан гэсэн” гэв.

Ямартай ч зөвшөөрөлгүй, ил савтай, нууцаар үйл ажиллагаа явуулж байсан ШТС-ын тоо нэгээр цөөрсөн бололтой.

Тун удахгүй татан буугдах бас нэгэн ШТС

Нийслэлд
хууль зөрчин давуу эрхтэйгээр ажиллаж буй бас нэгэн ШТС болох “Сод
Монгол” компанийн 22 дугаар салбар өнөөдрийг хүрэл ажиллаж байна. Уг
ШТС-ын 7.5 тоннын багтаамжтай дизель хадгалж байгаа сав нь газар дээр
ил, ямар нэгэн хамгаалалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Зөвхөн
“Автобус 3” компанийн автобуснуудыг дизель түлшээр хангах үүрэгтэй
энэхүү ШТС-ээс ердөө дөч хүрэхгүй шахам метрийн зайд буюу хашааны гадна
талд  “Шунхлай” компанийн ШТС ажиллаж байх юм.

Тус ШТС-тэй гэрээ
хийж, өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаж буй “Автобус-3”-ийн удирдах
албан тушаалтнаас тодруулахад “Энэ ШТС-ыг хууль зөрчсөн, хэзээ мөдгүй
дэлбэрч магадгүй гэдгийг нь манай ажилчид бүгд мэднэ. Гэхдээ энэ хууль
бус гэгдэх гэрээг манай өмнөх дарга н.Дэлгэрнаран хийгээд, ажлаа
хүлээлгэж өгсөн байдаг юм. Дараагийн удирдлагууд тухайн гэрээний талаар
ямар нэгэн мэдэлгүй тул өнөөдрийг хүртэл арга хэмжээ авалгүй ирсэн”
гэсэн юм. Мөн гэрээнд тусгагдсанаар тус ШТС нь “Автобус 3” компанийн
автобусанд дизель түлшийг зах зээлийн үнээс литр тутмыг нь 15 төгрөгөөр
хямдралтай өгдөг ажээ.
Хотын төвд ил савтайгаар үйл ажиллагаа явуулж
байгааг НМХГ-ын Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Н.Гантулга
“Манай байгууллагаас өмнө нь олон удаа үйл ажиллагаа явуулж болохгүй
тухай мэдэгдэн акт тавьж байсан. УБЦТС-д ч цөөнгүй удаа дэээрх газрын
цахилгааныг таслах тухай хүсэлт, албан бичиг илгээж байсан. УБЦТС
компаниас нэг ч удаа манай албан бичигт хариу ирүүлж байгаагүй.
Зөвшөөрөлгүй ажиллаж байгаа ШТС-ыг НМХГ-аас хаах, үйл ажиллагааг нь
зогсоох эрх байхгүй ” гэв.

Дашрамд дурьдахад байнгын ашиглалтад
хүлээлгэн өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагад
хуулийн дагуу нэг хүртэлх сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Энэ
дагуу тус ШТС-ыг НМХГ-аас нэг удаа нэг сая төгрөгөөр торгож байсан гэнэ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуйн нэгжийн 181 ШТС-ын 51-д хийсэн шалгалтаар

  • Нийт таван компанийн 22 ШТС-ын барилга байгууламжийг ашиглалтад хүлээж аваагүй байхад үйл ажиллагаагаа эхлүүлсэн байжээ.
  • 27 ШТС-ын барилга байгууламж энгийн тоноглолтой буюу хийн буцаах
    системийг төлөвлөөгүй байсан нь олон төрлийн хуулийн заалтыг зөрчсөн.
  • Долоон ААН-ийн 24 ШТС барилга байгууламжийн аюулгүйн зайн хэмжээг
    зөрчсөн буюу орон сууц, үйлчилгээний байр, гэр хороолол, хатуу түлшээр
    халаадаг байрны дэргэд газар олголтын зөвшөөрөлтэй байна.
  • “М Ойл” ХК-ийн  “Айку” станцын газар эзэмших гэрчилгээний хугацаа  2005 онд дууссан ч одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
  • “Сод Монгол” компанийн 2, 16, 43, 33, 13, 32, 6, “Шунхлай”-гийн 20,
    7, 9,  “Магнай трейдинг”-ийн 125, “Петровис”-ийн 18, 16, 33, “Жаст
    ойл”-ийн 2, 5, 8 10, 3 станцууд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ
    хийлгээгүй, барилга, байгаль орчны тухай хуулийн заалтуудыг зөрчсөн
    байжээ. 
  • “Сод Монгол” хувьцаат компанийн 39, 16, 43, 13, 17, 6 дугаар
    станцууд “Мон аналитик” ХК, “Алхана трейд” ХК, “Хүрээ инвест” зэрэг өөр
    өөр байгууллагуудын нэр дээр бүртгэлтэй байдаг.
  • Шалгалтад хамрагдсан станцуудын байгаль орчинд нөлөөлөх талын
    нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийн 33 хувийг “Эко планет” ХК гүйцэтгэсэн
    /монополь байдалтай/ зэрэг зөрчил илэрсэн байна.

Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын дүрэмд ШТС-ын цэнэглэх хошуу бүрт
1200 машин ногдохоор тооцож, төлөвлөнө гэж заасан байдаг. Статистикийн
газраас гаргасан мэдээллээр нийслэлд өнгөрсөн сарын байдлаар 307871
автомашин хөдөлгөөнд оролцож эхэлсэн байгаа. Дээрх журмын дагуу тооцож
үзвэл 256 бензин түгээх хошуу байхад л хангалттай аж.

Энэ бүхнээс дүгнэхэд нийслэлд ШТС-ууд байх ёстой хэмжээнээс даруй хоёр дахин илүү байгаа аж.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж