Чингэлтэйн хорооны дарга нар хууль зөрчиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Чингэлтэйн хорооны дарга нар хууль зөрчиж байна гэв

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш намууд орон нутгийн сонгуульд ач холбогдол өгч буй. Гэтэл үүний хажуугаар орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хийхдээ бусдын нэр хүндэд халдах, гүтгэлэгийн чанартай олон зүйл явж байна гэлээ.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 23 нэр дэвшигч байгаагаас 10 нь хуучин хорооны Засаг дарга нар өрсөлдөж буй. Гэтэл нэр дэвшиж буй хорооны дарга нар шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг өөрсдөө  хийж байгаа юм шиг харагдуулж, иргэдийн саналыг худалдан авах зорилготой байна. Тухайлбал, иргэдэд хямд үнэтэй нүүрс олгох талоныг өөрсдийн намыг дэмжиж байгаа иргэдэд илүү толоон өгөх, олноор нэг дор өгөх зэрэг хууль бус сурталчилгаа хийж байгаа гэдгийг тус дүүргийн АН-ын гишүүд үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн тойргийн хороодоос олон улсын болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг өөрийн хороондоо өөрсдөө хийсэн мэт танилцуулаад байгаа зэрэг зөрчлүүд тус дүүрэгт байгаа юм байна. Тойргийн хороодод хууль зөрчсөн үйлдлийг баримт нотолгоотойгоор өгсөн боловч холбогдох цагдаагийн байгууллагад шилжих ёстой хууль зөрчсөн үйлдлүүдийг холбогдох албанд нь шилжүүлэхгүй байна.

Нийт 19 тойргоос зургаан тойрогт гомдол ирээгүй. Үлдсэн 13 тойргийн гомдолд Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо нэг гомдолд хариу бичсэн байна. Нэр дэвшигчид сурталчилгаа байрлуулах ёсгүй газар байрлуулж байна гэх гомдол олон гарч байгаа юм байна. Чингэлтэй дүүргийн АН-ын бүлгийн дарга Б.Батхуягтай ярилцлаа.

-Хорооны Засаг дарга нарыг нэр дэвшүүлэхэд нь сонирхлын зөрчлийн хууль нөлөөлөөгүй юм уу. Нөгөө талаар хорооны дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй учраас ажлаа хийж байгаа юм шиг харагдах байх л даа?

-Ухамсартай хүмүүсийн хувьд энэ бол өөрөө нэр дэвшихгүй байх ёстой юм. Хэрэв нэр дэвшиж байгаа бол үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөж, сонгуульт ажлаа хийх ёстой байсан. Гэвч МАН-аас нэр дэвшиж буй хорооны дарга нар ажлаа хийж байгаа мэт харагдуулж, иргэдийн саналыг татах зорилготой байгаа юм. Энэ бүгдийг дүүргийн сонгуулийн хороонд баримттай нь танилцуулсан боловч тойргийн хороо шийдвэрээ хууль, цагдаагийн байгууллагад нь хүргүүлэхгүй байгаа юм. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

-2,3 тэрбум төгрөгийн тайланг танилцуулах хүсэлт тавьсан гэсэн?

-Чингэлтэй дүүрэгт хийгдэхээр хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргасан жагсаалтыг олж харсан, судалсан. Гэтэл  шинэ Чингэлтэй гэх нэртэй төслийн дагуу хоёр тэрбум төгрөг, мод тарих, ойжуулалт, хашаажуулалт гэх мэт нийтдээ 2,3 тэрбум төгрөгийг үр дүн, зарцуулалт байхгүй байна. Тиймээс энэ мөнгөний зарцуулалтыг иргэдэд тайлагнаач гэсэн хүсэлтийг тавьж байгаа юм. Гэтэл энэ мөнгийг дүүрэгт хэрэгжүүлэхээр орж ирсэн эсэхийг Чингэлтэй дүүргийн иргэд мэдэхгүй явж байх жишээтэй.  Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд танилцуулаач гэсэн хүсэлтийг  л гаргаж байгаа юм.

-Хууль зөрчсөн асуудлаар дүүргийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан гэж байна. Хоёр хоногийн дараа санал хураана. Нэр дэвшигчид тодорсноос хойш гомдлыг дагуу явах уу, эсвэл сонгууль дуусаад л орхичих уу?

-Хууль зөрчсөн үйлдлийг дүүргийн Сонгуулийн хороо хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Хэрэв дүүргийн сонгуулийн хорооноос хууль зөрчсөн нь тогтоогдож, дараагийн шатны хуулийн байгууллагад шилжүүлбэл бид хуулийн дагуу явна. Ер нь бол төрийн албаны ажил ил тод байдлыг хангаж ажиллах ёстой. Гэтэл МАН-аас нэр дэвшигчид ил тод байдлыг нуун дарагдуулж байгаа нь цаанаа хууль бус, авлига явж байна гэж харж байгаа юм Чингэлтэй дүүргийн АН-аас 5А буюу авлигагүй, аюулгүй орчин, авъяаслаг, амьны орон сууцтай зэрэг хөтөлбөрийг дэвшүүлэн ажиллахаас гадна төрийн ажил олон нийтэд ил тод байх ёстой гэдэг зарчмыг баримталж ажиллах юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж