
Халдварт өвчин судлалын үндэсний төвд ХДХВ-ийн гурван шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ сарын 6-ны өдөр ХӨСҮТ-д сайн дураараа шинжилгээ өгсөн хүнээс ХДХВ-ийн халдвар илэрсэн нь нотлогдсон юм. Тэрээр 20-24 настай эрэгтэй хүн байжээ. Харин дараагийн халдвар тээгч энэ сарын 9-ний өдөр мөн л сайн дураараа шинжилгээ өгсөн 30-34 настай эрэгтэй хүн байжээ. Мөн энэ сарын 12-нд сайн дураараа шинжилгээ өгсөн 20-24 настай эрэгтэйд мөн л халдвар илэрсэн байна. Өвчлөгчдийн биеийн байдал сайн, эмчийн байнгын хяналтад байгаа аж. Ийнхүү манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тоо 121-т хүрчээ. Мөн ХӨСҮТ-ээс бидэнд ирүүлсэн мэдээллээр тэмбүүгийн өвчлөл нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа ажээ.
Б.СҮХ