Газрын сертификат эдийн засагт хувьсгал авчирна

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Газрын сертификат эдийн засагт хувьсгал авчирна

УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий долоон гишүүн өнөөдөр УИХ-ын даргад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Энэ талаар хууль санаачлагч гишүүн Л.Болд, С.Одонтуяа нараас тодрууллаа.

-Шинээр өргөн барьсан хуулийн төслийн гол агуулга юу вэ?

Л.Б: -Нийслэлээс сонгогдсон АН-ын долоон гишүүн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Энэ жил болсон УИХ-ын сонгуульд АН иргэний газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийднэ гэсэн зорилттой орсон. Энэ дагуу УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл боловсрууллаа. Өнгөрсөн 10 жилд иргэнд газар өмчлүүлэх эрхийн хэрэгжилт их удаашралтай байлаа. Өнөөдөр хүн амын найм хүрэхгүй хувь нь энэ эрхээ хэрэгжүүлж байна. Бусад хүмүүсийн хувьд энэ эрх нь зөрчигдөж байгаа юм.  Бидний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж баталснаар 2,7 сая монголчуудын хувьд газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх бололцоо бүрдэх юм.

-Хуулийг баталснаар хэрэгжүүлэх бололцоо нь хэр зэрэг байгаа бол?

С.О: -Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай өмнөх хуулийн хугацааг хоёр удаа сунгасан ч иргэд газраа өмчилж чадахгүй байгаа. Тэгэхээр амьдралд нийцэхгүй хууль гэсэн үг. Энэ удаа аль болохоор иргэнд чирэгдэлгүйгээр газар олгох боломжийг хуульд тусгаад байна. Газрын корпораци гэж байгуулна. Газрын мэдээллийн нэгдсэн сан бий болгоно. Иргэд бүртгүүлсэн дарааллаараа газраа авах, сонгох боломжтой бүх хувилбарыг оруулсан. Хэлэлцүүлгийн явцад нэмэх хасах зүйл гарна.

Монголчуудын хамгийн том баялаг бол газар. Түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь өөрөө бас Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэртэй. Тиймээс газраа эргэлтэд оруулах, барьцаалах, худалдах, нэг нэгдээ дамжуулах энэ бүх харилцааг бодитоор сертификатжуулах нь чухал ач холбогдолтой. Хийсвэр байгаад байхаар үүнийг албан тушаалтнууд ашигладаг, иргэд өөрсдөө үүнийг мэдэрдэггүй. Газар эргэлтэд орж чадахгүй байна.

-Сертификатын давуу тал юу вэ?

Л.Б: -Өнөөдөр иргэн бүр газар өмчлөлийнхөө сертификатыг аваад давуу эрхээрээ газраа хувьчилж авна. Дээр нь сертификат нь газраар баталгаажсан үнэт цаас болно. Монгол төгрөгөөс ч баталгаатай үнэт цаас. Сертификатаа барьцаалж зээл авч болно. Монгол Улсынхаа иргэн, компанид худалдаж болно. Монголын эдийн засагт хувьсгалт өөрчлөлт авчрах ийм л шинэ үйл явдал болно.

-Хувьчилж авах газрын олдоц нийслэлд ямар байгаа бол?

Л.Б: -Монгол Улсын 2,7 сая хүн амд газар хувьчлахад газрын хоёрхон хувь нь л хангалттай. Бидэнд газраас их юм байхгүй. Харин газар нь газрын наймаачдын гарт ороод, төр, засаг нь авлига, хээл хахуульд идэгдэхээр хувьчлах газар байдаггүй. Жинхэнэ дээрээ газар байгаа.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж