Европын холбоо, Латин Америкийн орнуудын уулзалт өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Европын холбоо, Латин Америкийн орнуудын уулзалт өндөрлөв

Европын холбоо, Латин Америкийн орнуудын дээд хэмжээний VI уулзалт өндөрлөж, дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг даван туулахын тулд энэ хоёр бүсийн төр, засгийн тэргүүнүүд нэгдмэл үйл ажиллагаа явуулах зорилт дэвшүүлж, гадаад худалдааны харилцаагаа хялбарчлах нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх тохиролцоонд хүрчээ.
Испанийн ерөнхийлөгч Хосе Луис Родригес Сапатеро Атлантын далайн хоёр талд оршиж буй эдгээр 60 орны төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үр дүн амжилттай болсныг зочдыг хүлээн авсан орны тэргүүний хувьд болон Испани улс Европын холбоог тэргүүлэгч ээлжит орны хувьд дүгнэсэн байна.
Төр, засгийн тэргүүнүүд олон улсын санхүүгийн тогтолцоо болон цаг уурын өөрчлөлт зэрэг асуудалд өөрчлөн шинэчлэлт хийх нэгдсэн үйл ажиллагаа явуулахаар “дэлхийн бусад түншүүдтэй дэлхийн түншүүд болон” ажиллахаар тохиролцжээ.
Өнгөрөгч арван жилийн турш стратегийн холбоотнууд болон ажиллаж ирсэн эдгээр орны энэхүү дээд хэмжээний уулзалтаар тэрбум орчим хүн амтай, 150 тэрбум ам.долларын худалдаа хийдэг хоёр бүсийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлага байгааг онцлон тэмдэглэсэн байна.
 Латин Америкийн орнуудын тэргүүн нар  дэлхийн эдийн засгийн хямрал Европт цагаачлан амьдарч буй Латин Америкийн иргэдэд хүндээр тусч байгаад сэтгэл ихээхэн зовниж байгааг цаашид анхааран үзэх болно гэдгээ Хосе Луис Сапатеро онцлон хэлжээ.
Аргентин улсын ерөнхийлөгч Кристина Фернандес “хямралын буруутнуудыг эрэх, цагаачлалын эсрэг хууль тогтоомжоо чангатгах чиг хандлага” гарч буйг шүүмжилсэн байна.
Дээд хэмжээний уулзалтын тодорхой нэгэн үр дүн гэвэл Латин Америкийн орнуудын дэд бүтцийг санхүүжүүлэх тогтолцоо бий болгохын ач холбогдлыг тэмдэглээд энэ зорилгоор эхний ээлжинд 125 сая ам.долларын сан байгуулах, аажмаар гурван тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ.
Мөн Европын холбоо болон Латин Америкийн орнууд Гайтид газар хөдлөлтөөс учирсан хохирлыг арилгахад цаашид ч гэсэн тусламж дэмжлэг үзүүлэхээ үргэлжлүүлэхийг уриалсан байна. Европын орнууд Чили улсад хүчтэй газар хөдөлж, ихээхэн хохирол учирсны ул мөрийг арилгах сэргээн босголтын ажилд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: adn.es
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж