Ц.Элбэгдорж Чой Тэ Бокийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Чой Тэ Бокийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бокийг хүлээн авч уулзав


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга
Чой Тэ Бокийг хүндэтгэлийн гэр өргөөнд өнөөдөр хүлээн авч
уулзав.Ерөнхийлөгч БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга таныг Монгол Улсын
Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны найрсаг айлчлал хийж
байгаад туйлын баяртай байна гээд энэ айлчлал Монгол Улс, БНАСАУ-ын
хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа төдийгүй, хоёр орны
харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Хоёр орны урт хугацааны тодруулбал, 60 гаруй жилийн түүхтэй  уламжлалт,
найрамдалт харилцаа манай ард түмнүүдийн эрх ашиг, олон улсын харилцааны
нийтлэг зарчимд тулгуурлан тогтвортой хөгжиж буйд таатай байна. Монгол
Улс БНАСАУ-ын шинэ удирдлага та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна
гэж Ерөнхийлөгч хэлэв.
 
-Юуны өмнө удирдагчийнхаа халуун мэндчилгээг уламжилья. Энэ урт
хугацааны харилцааны үндсийг манай их удирдагч Монголд хоёр удаа
айлчлахдаа тавилцсан юм. Манай удирдагч Ким Жөн Ун ч хоёр орны
найрамдалт харилцаанд анхаарч байгаа. Өнөөдөр хоёр улсын найрамдалт
харилцаа олон салбарт хөгжиж байна. Энэ нь хоёр ард түмний эрх ашигт
нийцэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд тус дэм
болно гэж үзэж байна. Сая УИХ-ын даргатай хэлэлцээ хийхдээ хоёр тал
харилцан төлөөлөгчид солилцох, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
нөхцөлийг хангах асуудлаар ярилцлаа. Ерөнхийлөгч та хоёр орны хамтын
ажиллагааг хөгжүүлэхэд дэмжин тусална гэдэгт итгэж байна гэж Чой Тэ Бок
хэллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Монголын Засгийн газар байгалийн нөөц
баялагтаа түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг
дээшлүүлэхэд анхаарч байгааг бид үнэлж байна. Мөн Монгол Улс бие даасан,
олон тулгуурт гадаад бодлого явуулдгийг бид дэмжиж байна.
 
Манай дээд удирдагч хоёр том зорилго тавьж ажиллаж байна. Нэгд хүчирхэг
улс байгуулах, хоёрт ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэх явдал юм” гээд
хоёр Солонгосын өнөөгийн харилцаа, уламжлалт түүх соёлын талаар
мэдээллээ.

Ерөнхийлөгч хоёр орны харилцааны тухай сайхан үг хэлсэнд болон умард,
өмнөд Солонгосын талаар тодорхой мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд
Монгол Улс, БНАСАУ-ын харилцааг идэвхжүүлэхэд дөрвөн зүйлд анхаарах нь
зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.
 
Нэгд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал чухал байна. Үүнтэй
холбогдуулан БНАСАУ-ын дээд удирдлага, Батлан хамгаалах хорооны тэргүүн
дарга Ким Жөн Унийг Монгол Улсад хүлээн авахад бэлэн байна. Хоёрт эдийн
засгийн харилцааг идэвхжүүлэх, байгалийн баялгийг хамтран ашиглах, түүнд
зориулсан дэд бүтцүүдийг байгуулах, хоёр талын түүхий эдээр эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм. Мөн худалдаагаа нэмэгдүүлэх, ажиллах
хүчин солилцох, далайн тээврийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, аялал
жуулчлал, шинжлэх ухаан, технологийн гээд олон салбарын харилцааг
хөгжүүлэх боломжтой. Гуравт Монгол Улс БНАСАУ-ын зүгээс тавьж буй саналд
анхаарал тавьж ажиллана. Иран Улсын Тегеран хотноо энэ оны 8 дугаар
сард болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтын үеэр
би БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намтай уулзах
үеэр ярилцсан. Энэ үеэр хүнсний тусламжийн асуудлыг хөндөн ярьсан
бөгөөд хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар судалж байгааг хэлье. Ер нь
аль нэг талд нь хүндрэл учрахад бие биедээ туслах нь зөв зүйтэй юм гэж
үздэг. Дөрөвт Солонгосын хойгийн асуудал эв зүйгээр, энх тайвны замаар
шийдэгдэж зохицуулагдах ёстой. Энэ бол Монгол Улсын уламжлалт байр
суурь. Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт хэлэлцээний оролцогч
тодорхой талуудыг Монгол Улсын нийслэлд хүлээн авч уулзуулах ажилд
тусалж дэмжихэд бэлэн байна. Сая манай санаачилгаар БНАСАУ, Японы талын
төлөөлөгчид Монголд ирж ийм уулзалт хийсэн. Ийнхүү уулзалтаа сэргээсэнд
баяртай байна хэмээн Ерөнхийлөгч хэллээ.
 
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч өөрийн мэндчилгээг  БНАСАУ-ын дээд
удирдлага, Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга Ким Жөн Унд
дамжуулахыг хүсэв

 
 

Эх сурвалж: http://www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж