
Энэ сарын 17-ны өдөр Налайх дүүргийн бичил уурхайд осол гарч гурван хүн амиа алдсан тухай мэдээлсэн билээ. Уул уурхайн аврах гуравдугаар тасгийнхан амиа алдсан гурван хүний цогцсыг урьд шөнө буюу 00:46 минутад гарган авчээ. Мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр уурхай ухах тогтоосон хязгаараас хэтэрсэн, мөн аюулгүй ажиллагааны дүрэм журам баримтлан ажиллаагүйгээс осол гарсан гэсэн дүгнэлт гарчээ. Уул уурхайн аврах албаны нэгдүгээр тасгийн бүрэлдэхүүн осол болсон газарт 16:10 цагт нуралт сэргээх ажлыг эхлүүлж, гурван хэсэг болгон ажиллажээ. Нуралт үүссэнгазарт нийслэлийн онцгой байдлын хэлтсээс 17 албан хаагч, Мэргэжлийн хяналтаас гурван мэргэжилтэн, цагдаагийн 11 албан хаагч зэрэг 90 хүн ажилласан байна. “Биднийг цаг алдсан учраас гурван хүн амиа алдсан гэдэг яриа гадуур яваад байна л даа. Бид боломжийнхоо хэрээр ажилласан. Нуралт үүссэн газар нь өөрөө уурхайн агаарын найрлагын хэвийн бус нөхцөлтэй байсан учраас дахин нуралт үүсч байсан. Тиймээс бид тэр газрынх нь шороог зөөх хэрэгтэй болсон. Гүндээ одоо ч гэсэн нурж байгаа. Бид 9 метрт малталт хийн 686 м3 шороог гаргаж авсан” гэж Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Х.Батбилэг ярьсан юм.
Хэргийг сануулахад энэ сарын 17-ны өдрийн 15:55 цагт Налайхын гуравдугаар хорооны нутагт орших түрээсийн уурхайд нуралт үүслээ гэсэн мэдээлэл ирсэн байна. Аврах бүрэлдэхүүн 16:00 цагт очиход 60 метрийн гүнд, 40 градусын налуу газарт осол гарсан байжээ. Энэхүү ослоор 23 настай Б, 50 настай Д, 30 настай Б нар амь насаа алдсан. Одоогоор осол болсон уурхайг бүрэн хааж, үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Б.СҮХ