Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авилгатай тэмцэх газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гадаадын иргэдийн харьяатын алба эрхлэх газрын баг тамирчид 2012 оны “Шилжин явах цомын төлөө” энэ арваннэгдүгээр сарын 17-ноос өрсөлдөж эхэллээ.
Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын өмгөөлөгчдийн холбоо ажиллаж байна. Ганцаарчилсан төрөлд эхний байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулдаг энэхүү тэмцээний эхний төрлүүд болох ширээний теннисний тэмцээнд зургаан байгууллагын зургаан багаас Монголын өмгөөлөгчдийн холбоо, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын баг эхний гурван байрт шалгарсан бол биллъярдын тэмцээнд найман байгууллагын найман багаас Улсын дээд шүүх, Хууль зүйн яам, Монголын нотариатчдын танхимын баг тэргүүллээ.
Сагсан бөмбөг, волейбол, шатрын тэмцээн 2012 оны арваннэгдүгээр сарын 24-25-нд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын “Чандмань” спорт төвд болох бөгөөд энэ өдөр уламжлалт тэмцээний “Шилжин явах цом”-ын эзэн баг тодорно.