Үүнээс гадна гэр цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай хэрэгслүүд буюу нэг ангийн тавилга, хоёр компьютер олгох батламж гардуулав. БШУЯ-аас хэдхэн хоногийн өмнө “Хүүхэд харах шинэ үйлчилгээ”-ний талаар цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдийг хамруулсан томоохон хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл эдгээр гэр цэцэрлэгүүдийг жишиг болгож, хүссэн иргэн хүүхдэд зориулсан яг ийм орчин бий болгоод хөдөлмөрчдийн хүүхдийг хүмүүжүүлж, улсаас дэмжлэг авч болох тухай энэ үеэр танилцууллаа.
Үүний дараа аймгийн боловсролын байгууллагын ажилчидтай уулзалт хийн шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөр”-ийг дэлгэрэнгүй танилцуулж, тэдний сэтгэгдлийг сонсов. Салбарын сайд энэ үеэр “Багш бүх хүүхдэд нэгэн зэрэг хичээл заадаг биш хүүхэд бүрийг хөгжихөд нь тусалдаг хүн байх хэрэгтэй. Юм цээжлүүлж, түүнийгээ эргүүлж асуудаг хөшүүн, царцанги байдал нь хүүхдийг хичээлдээ дургүй, өөрөө хөгжих идэвхи, сонирхолгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байгаа. Тиймээс сургалтын стандартад бус чанарт нь шинэчлэл хийх хэрэгтэй” гэснийг багш нар алга ташин хүлээж авсан юм. Харин багш, ажилчдын зүгээс тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадах уу, дугуйлан ажиллуулсан багш нарын цалин нэмэгдэх үү зэрэг асуудлыг нийтлэг хөндөж байлаа. Хариулт нь “Боловсролын салбарт 20 ба түүнээс дээш жил ажилласан багш ажилчдад 24,36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно. Дугуйлан секц ажиллуулж байгаа багшид урамшуулал олгох замаар цалинг нь нэмэгдүүлнэ” гэсэн нь багш нарын хүсэлд нийцэж байсан юм.
Мөн БШУ-ны сайд Л.Гантөмөр дагалдан яваа баг бүрэлдэхүүн/БШУЯ-ны СӨББХ-ийн дарга Б.Гантулга, БШУЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн Л.Отгонсүрэн, БШУЯ-ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярмаа, “Боловсролын салбарын шинэчлэл” төслийн зохицуулагч н.Ундрах/-ийхээ хамтаар Ховд аймгийн Ховд их сургуульд очиж багш, оюутнуудтай уулзав. Тэрээр боловсролын салбараас авлига, архидалт, аргалах/худлаа дүн тавих, тавиулах/ гэсэн гурван зүйлийг байхгүй болгоно гэдгээ энэ үеэр онцоллоо. БШУ-ны сайд Ховд аймагт ажиллах хугацаандаа нийт найман сургалтын байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцан, шаардлагатай сургууль, цэцэрлэгт ном, хичээлийн хэрэгсэл гардуулсан юм.
Сайдын ажлын дараагийн зогсоол Увс аймгийн Улаангом сум байлаа. Юун түрүүнд Азийн хөгжлийн банкны “Боловсролын салбарын шинэчлэл” төслийн хөрөнгө оруулалтаар байгуулсан “Цахим мэдээллийн төв”-ийн нээлтэд оролцож, Увс аймгийн Боловсрол соёлын газарт “Орон нутгийн жишиг төв” болохыг баталсан батламж гардуулав.
БШУ-ны сайд Л.Гантөмөр болон түүний багийн гишүүд Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын дөрвөн сургууль, долоон хүүхдийн цэцэрлэгээр орж үйл ажиллагаатай нь танилцан, багш, ажилчидтай уулзаж боловсролын салбарын чанарын шинэчлэлийн талаар санал солилцсон юм. Ийнхүү гурав хоногийн хугацаанд нийт 19 сургалтын байгууллагаар орж, иргэд хөдөлмөрчидтэй өөрийн биеэр уулзаж санал бодлоо солилцсон ихээхэн үр дүнтэй дүнтэй ажиллалаа.