Тэр цагаас хойш Б.Амархүү ОХУ-ын эстрадын урлагт хөл тавин “Премьер министр" хамтлагийн гоцлол дуучин болж, өдгөөг хүртэл шоу ертөнцөд буцалсаар явна. Төрөлх Монгол улсдаа хамтлагаараа ирж тоглолтоо хүргэж байсан Б.Амархүү долоон жилийн турш мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлэн өнгөрсөн долоо хоногт “UB Palace”-д үзэгч, фенүүдтэйгээ “Гэртээ хүрэх зам” анхын бие даасан тоглолтоороо уулзлаа.
ОХУ-ын гавьяат дуучин, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүгийн тоглолтын тайз элдэв чимэглэлгүй энгийн даруухан байв. Учир нь тэрээр “Народны артист” телевизийн шоунд ялагчийн шагналаа яг л ийм тайзан дээрээс гардан авч байсан учраас гэртээ хүрэх замаа энэ л тайзаараа сонгожээ. Тэрээр уг шоугаа монголчуудын хамгийн сайн мэдэх "Подмосковные вечера" дуугаар эхлүүлэн их гүрний ёс заншлаар давс, талх барьсан үндэсний хувцсаараа гоёсон орос бүсгүйчүүдийн хамт үзэгчидтэй мэндчилсэн юм. Түүний тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Б.Амархүү ОХУ-ын шоу ертөнцөд хүч үзэж яваа авьяаслаг дуучин. Тиймдээ ч анхны бие даасан тоглолтоороо шоу, энтертайнментыг тайзнаа бүрэн утгаар нь дэлгэн харууллаа хэмээн үзсэн үзэгчид ам сайтай байсан шүү. Б.Амархүү тайзнаа дуулж, ОХУ-ын “Зэрлэг сувд” хамтлагийн шижигнэсэн залуустай цоглог хэмнэлээр яралзтал бүжиглэн 1990-ээд онд тайзыг эзэгнэн байсан Монголын залуусын хамтлагийг эрч хүчийг эргэн мэдрүүлэх шиг болсон. Монголын хамтлаг дуучдад үгүйлэгдэж буй бүжгийн ансамбелийг эндээс мэдэрсэн үзэгчид өөр хоорондоо дуучны хоолойн цар хүрээ, бүжигчдийн авьяасыг бахархан магтаж байлаа. Гоё байлаа. Алгаа хорстол ташин түүнд талархсан сэтгэлээ үзэгчид сэтгэлээ ийн харамгүй илэрхийлсэн. Мөн орчин үеийн бүжиг, ятга, морин хуур, цирк, загварын үзүүлбэр гээд бүгдийг тоглолтдоо цогцлоож чадсан. Тэрээр орчин үеийн бүжгээс гадна үндэсний бие биелгээг тун ч чадварлаг биелэн бүжиглэсэн нь хэн хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Дуучин Б.Амархүүг тайзнаас ээжийгээ хайн “Би ээждээ цэцгийн баглаа хүргэмээр байна. Эндээс харагдахгүй байна. Та нар ээжид минь миний сэтгэлийг дамжуулаад өгөөч” хэмээн үзэгчдэдээ хандсан. Харин түүний ээж тайзнаа дуулах хүүгээ ирж үнсэхэд Б.Амархүүгийн нүдэнд нь нулимс мэлтэлзэн үзэгчдийг уяраасан юм. Тэрээр намайг багадаа ээжтэйгээ явж байхад хүмүүс “Яасан хөөрхөн охин бэ” гэдэг байсан шүү хэмээн дурсан ярьсан.
Мөн тэрээр “Надад итгэ” нэртэй шинэ уран бүтээлээ “Гэртээ хүрэх зам” тоглолтдоо хүрэлцэн ирсэн зочдод анх удаа толилуулсан.
“…Чи намайг татдаг гэдгээ мэдэх үү
Би чамайг юу гэж боддог оо хэлэх үү…” хэмээн тэрбээр “Киви” хамтлагийн дуучин Агийтай хамтран дуулж, өнөөх гайхалтай “Зэрлэг сувд”-ын бүжигчидтэй хамтран бүжсэн. Уянгын гоё дуунд үзэгчид алга ташилтаа харамгүй хайрласан шүү.
Б.Амархүүгийн “Гэртээ харих зам”-ын тайзнаа “Татар ажиллагаа-2” өрнөв. Банк дээрэмддэг бүлэг этгээд болох Коля, Гялбаа хоёр гарч ирэн Тайванаатай үзэгчдийг хөгжөөгөөд авлаа. Коля “Татаар ажиллагаа 2”-г хийх гэж байгааг дуулгаад дараагийн хамтрагчдаа сонгохоор үзэгчдийг дөрвөн хэсэгт хуваан хооронд нь бяцхан өрсөлдүүлэн Гялбаагийн дэмжигчдийг кинонд тоглуулахаар болж нэг бүрчлэн нэрсийг нь бичиж авахаар үзэг, цаас авчрахаар тайзны ар руу яаран одов. Харин тайзнаа “Татар ажиллагаа” киноны “Би чамдаа итгэдэг” дууг “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүхийн хамт дуулан үзэгчдийг уяраасан. Яг тэр мөчид тайзнаа “Татар ажиллагаа” кинонд түүний охины дүрд тоглосон бяцхан охин цэцгийн баглаа барьсаар гарч ирсэн юм. Амархүү түүнийг “миний охин” хэмээн одоог хүртэл өхөөрддөгөө хэлээд Монголынхоо нэрийг гаргасан сайн жүжигчин болохыг хүсэн ерөөсөн юм.
“Univers best songs” уралдааны шүүгчидийн багт ажилласан уран бүтээлчид түүний хамт тайзнаа “Надежда” дууг хамтран дуулан үзэгчид харамгүй алга ташилт өгсөн. Мөн Амархүү тайзнаа “Cool I love” дууг загвар өмсөгч О.Ариунзулын хамт дуулсан ба “Миний хайртай бүсгүй” хэмээн үзэгчдэд албан ёсоор хайртай бүсгүйгээ танилцуулсан юм. Тэднийг “Big fish” кинод хамтран тоглосноос хойш үерхэж эхэлсэн гэх яриа гадуур яригдах бослон ч тэдний найзи нөхөд түүнээс ч өмнө хосуудын харилцаа эхэлсэн хэмээн ярьдаг юм билээ.
Дуучин Б.Амархүү “Гэртээ хүрэх зам” тоглолтоо Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Балхжавын хөгжим, Соёлын гавьяат зүтгэлэн, яруу найрагч Ш.Гүрбазарын шүлэг "Дугуй хээтэй наадам" шинэ дуугаа үндэсний хувцасаараа гоён гарч ирж дуулан Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчидтэй хамтран бие биелгээ хийн үзэгчдэд Монголоороо омогших сэтгэгдлийг төрүүлсэн юм. Үнэхээр Б.Амархүү өөрийнхөө чаддаг бүхнийг энэ тоглолтоороо харууллаа хэмээн тэнд ирсэн үзэгчид магтан байлаа.
Б.Амархүү үзэгчидтэйгээ өөрийн дурсамжаас хуваалцан, хайртай ээж, аавдаа сэтгэлийн үгээ хэлж баярын нулимс унасан анхны тоглолт нь өндөрлөж, хөшиг хаагдлаа.
Ийнхүү ОХУ-ын гавьяат дуучин, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүү монголын үзэгч, фенүүддээ уран бүтээлүүдээ толилуулан “гэртээ ирлээ”.
Г.ДАША