SBN, C-1сувгуудаар уралдан гарсан уг нэвтрүүлгээр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөтлөгч П.Анужин нар ноён Стивен Сигалын удам угсааг тодруулж, уяхан нэгний сормуусыг норгож дөнгөв. Нэрт жүжигчин Ринбүүчийн өвөг дээдэс их л хүндхэн амьдралтай цагаач хүмүүс байсан гэнэ. Удам угсааных нь зураг гэж монгол дээлтэй хүмүүсийн патиар байсныг Японоос нүүхдээ алга болгочихсон гэх. Ингээд ноён С.Сигалыг Монголын удам угсаа мөн гэдгийг нотлох ганц баримт устжээ.
Харин Ардын уран зохиолч маань С.Сигалыг монгол угсааны хүн мөн гэдгийг анатомын талаас нь лут нотлов. Гар хуруу нь жүжигчин хүнийх шиг уяхан туяхан бус, жинхэнэ морь малтай ноцолддог хөдөөх эрсийн хүдэр бадируун гар мөн байна л гэнэ. Царай зүс нь яг манай төрөл садан мөн байна л гэнэ. Дорнын хүний байж байгаа төрх яг мөн дөө, хөөрхий минь л гэнэ. Ингээд Б.Лхагвасүрэн гуай маань хүргэнээ “Монгол хүү” гэдгийг дахин дахин хичээнгүйлэн баталлаа.
Монголчууд ер нь элгэмсэж төрөлсөх дуртай хүмүүс. Хүн ам цөөндөө ч болдог юм уу, аль эсвэл дэлхийн талыг эзэлж явсан өвөг дээдсээсээ улбаалаад хорвоогийн хамаг амьтныг хамаатан садан гэж боддогсон уу, “Би монгол” гэсэн хүнийг “Нээрээн тийм байна” гээд л хөл алддаг зуршилтай.
Тэр жил Жаргаланхаан гэж нэг “садан” маань Монголд ирэв дээ. Ардчилсан хувьсгал шинэ тутам ялаад гадагш нь цонхоо дөнгөж нээгээд байсан үе. Монгол дээл, залаатай малгай болсон, эхнэрээ дагуулсан нэгэн голланд эрхэм өөрийгөө Жаргаланхаан хэмээн нэрийдэж Хэнтий аймгийн ч бил үү хүн гэсээр онгоцноос буухад манайхан өмнө нь гүнээ мэхийн ёсолж тун ч найрамдуу угтсан. Байдгаа барьж өмнө хойно нь гүйн хүндэтгэсэн мань голланд эрхэм харин сүүлдээ монгол биш болоод сураг алдарсан. Мистер Флин гэх залууд бас молигодуулж Их тэнгэрт залж, хорхог боодогноос өгсүүлээд миссүүдээ хүртэл өргөн барьж сүйд болоод хоосон хоцорсон. Уг нь бас л манай төрөл садан байж магадгүй гэж хөөрцөглөсөн байлгүй.
С.Сигал Ринбүүчийн хувьд бол яахав, бас ч гэж нөгөөдүүлээ бодвол бурхны шашинтан, хүргэн хүү маань юм даа. Харин тэр гар хуруу нь морь малтай ноцолддог адуучин залуугийнх гэдэг юу л бол.