АНУ энэ оны эцсээр татвараа нэмэгдүүлж, зардлаа багасгах замаар төсвийн алдагдлаа нөхөх болоод байгаа бөгөөд энэ аргаараа 607 тэрбум ам.доллар олно гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. Конгресс дэх Бүгд найрамдах намынхан өнгөрсөн долоо хоногт болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойш татварын шинэчлэл хийн хуулийн цоорхойг нөхөх замаар орлогоо нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа боловч чинээлэг хүмүүсээс нэмэлт татвар авахыг эсэргүүцэж байгаа аж. Бүгд найрамдах намын гишүүн Митт Ромнейгийн эдийн засгийн зөвлөгч Гленн Хуббард “Financial Times” сонинд намын нөхдөөсөө чинээлэг хүмүүст илүү татвар ногдуулах шаардлагыг хүлээн авахыг уриалсан утгатай ярилцлага өгчээ. Харин Бүгд найрамдах нам бусад гишүүн Америкчуудын татварт ногдох орлогоос барьцаат зээлийн хүүгийн төлбөрийг суутгахын эсрэг байр суурьтай байна.
Өнгөрсөн лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Обама “Алдагдалаа бууруулахад бидэнд тооны шинжлэх ухаан хэрэггүй” гэсэн бөгөөд тэрбээр жилд 250.000 ам.доллараас илүү орлого олдог иргэдийн татварыг бууруулахыг эсэргүүцсээр байгаа юм. Тэрбээр “Хөрөнгөтэй хүмүүс татварын нэмэгдэл төллөө гээд хүнд байдалд орчихгүй. Тэд баян хэвээрээ л байна” гэжээ. Ерөнхийлөгч Цагаан ордон болон Конгресс нэгдүгээр сарын 1-нээс өмнө "fiscal cliff"-ээс сэргийлэх тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрбээр өмнөх татварын системийн шинэчлэлийг яаралтай хийж, 2013 оны Нийгмийн даатгал зэрэг томоохон ач холбогдол бүхий программуудын татварын индексийг илүү тодорхой болгох саналыг тавьж байгаа юм байна.