Монголын сонгодог урлагийн хөгжил дэлхийн түвшинд явааг харуулсан, нотолсон бас нэгэн үйл явдал болж өнгөрсөн нь Америкийн балетийн од, Холливүүдийн ч од Саша Радецкийн ДБЭТ-т хийсэн тоглолт байлаа. Дэлхийн од Монголын дуурь, балетийн театрын гоёыг гайхсан. Монгол Жизель Г.Цолмонгийн чадварыг бишрэв. Симфони найрал хөгжимчдийг Америкийн, өмнө нь хамтран ажиллаж байсан симфони найрлуудаас дутахгүй, зарим талаар илүү юм байна ч гэж магтав. Түүний хэдэн өдөр театрт ажилласан байдал, уран бүтээлчидтэй харилцаж байгаа зэргээс харахад ердөө л эгэл нэгэн балетчин. Од гэж оодрох юм алга. Хүмүүсийн идэж уудгаас уугаад л, хөлсөө гартал дасгалаа хийгээд л. Харин тайзнаа бүжиглэхийг нь харахад түүнийг өнөөх эгэл нэгэн Саша мөн үү, өөр хүн үү гэхээр юм. “Жизель” балетийн гол дүр Жизельд дурласан Алберт болон хувирахдаа үзэгчдийг яг л киноны үйл явдлаар хөтлөх мэт онцгой мэдрэмж төрүүлэн бүжиглэх юм билээ. Ийм нэгэн эгэл агаад эрхэмсэг од талын буурай Монголыг маань тоож ирж тоглолоо. Тэрбээр Монголын дуурь, балетийн театрыг ийм том, гоё гэж бодоогүй гэдгээ удаа дараа хэлснээс нь үзвэл монголчуудын тухай, соёл, урлагийн түвшнийх нь тухай нэлээд тааруу үнэлгээтэй ирсэн бололтой байсан. Харин өөрийн биеэр алтан үеийнхний маань мөр дурайж, үйлс үргэлжилж буй алтан тайзан дээр маань бүжиглэсэн болохоор Монголын тухай хамгаас өөдрөг бодол сэтгэгдэлтэй буцах гэж байгаа биз ээ. Энэ дашрамд Саша Радецкийн тоглолтыг Монголд ерөнхийлөн зохион байгуулсан “Blue Silk Travel”компани болон ивээнтэтгэсэн “МонреИмпекс”, “Монредаатгал” компанид үзэгч, уншигчдын өмнөөс баяр хүргэе.
Монголын сонгодог урлагийн театрыг зорих дэлхийн оддын цуваа цаашид ч үргэлжилнэ.
Р.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин