
Энэхүү нэр хүндтэй шагналын эзнийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн орнуудын шигшээ багийн дасгалжуулагч, багийн ахлагч болон спортын сэтгүүлчийн санал шийдвэрлэдэг. “Франс футбол” сэтгүүлээс ирсэн хүсэлтийн дагуу Монгол Улсыг төлөөлж олон улсын спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ саналаа өглөө. Тэрбээр дэлхийн шилдэг тоглогчид Лионель Месси (Аргентин, Барселона), Андреас Иньеста (Испани, Барселона), Робин ван Перси (Нидерланд, Арсенал-Манчестер Юнайтед), оны шилдэг дасгалжуулагчид Висенте Дель Боске (Испани), Жозе Моуриньо (Реал Мадрид), Роберто Ди Маттео (Челси) гэсэн дараалалтай санал өгсөн байна. 2012 оны дэлхийн шилдгүүд ирэх оны нэгдүгээр сарын 7-нд Швейцарийн Цюрих хотод болох ёёлолын ажиллагааны үеэр тодрох юм. Монгол сэтгүүлч дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах нэр хүндтэй санал хураалтад оролцсон нь Монголын сэтгүүл зүй, спортын түүхэн дэх онцгой үйл явдал боллоо.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
