Сонгуулийн бэлтгэл хангагдсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн бэлтгэл хангагдсан гэв

Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд буюу ирэх лхагва гаригт болохтой холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хорооны даргын мэдээллээр сонгууль зохион байгуулах бэлтгэл 100 хувь хангагдсан байна. Энэ удаагийн сонгуульд төрийн албаны 23 мянга гаруй албан хаагч дайчлагдсан. Тодруулбал, Мэдээлэл технологийн 2560, сонгуулийн хэсгийн хорооны 16590, иргэний бүртгэлийн 2305, мөн 2500 цагдаа ажиллаж буй.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр орон нутгийн сонгуульд 1.862 /нэг сая найман зуун жаран хоёр мянга гаруй/ иргэн саналаа өгнө. Мөн 2500 санал авах тоолох машин, сонгогчийн цахим үнэмлэхийг бүртгэх 2900-гаад техник хэрэгслийг бэлэн болгоод байгаа тухай мэдэгдлээ.

Дээрх асуудлын хүрээнд сэтгүүлчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс дараах асуултад хариулт авсан юм.

-Саналын хуудас хэвлэхтэй холбоотой зөрчил нэлээд гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа. Хэрхэн зохицуулж, шийдвэрлэсэн бэ?

-Орон нутгийн сонгуульд саналын хуудастай холбоотой зөрчил дутагдал их гарсан. Хуулиараа саналын хуудсыг хэвлэх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцдаг. Харин зарим аймаг, дүүргийн хороод энэ ажилд хариуцлагагүй хандсан. Таван мандаттай байхад дөрөв гэж бичих, долоон мандаттайг зургаа гэж бичих, эцгийнх нь нэрийг өөрийнх нь нэртэй сольж бичих, Баярмагнай гэхийг Магнай гэж дуудлагаараа бичсэн, бие даагчийг нам руу оруулсан, МАН гэдгийг МАХН гэж бичсэн зэрэг алдаа гаргасан байсан. Үүнийг нь тухайн сонгуулийн хорооны дарга хэвлэхийг зөвшөөрөөд хэвлэх үйлдвэрт явуулчихсан байсан. Энэ  алдааг нь Сонгуулийн ерөнхий хорооны шинжээчид илрүүлсэн. Жишээлбэл, Сүхбаатар, Налайх дүүрэг, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр аймгийн сонгуулийн хороод ийм зөрчил гаргаж ажилд маш хариуцлагагүй хандсан. Бид нийтдээ 74 мянган саналын хуудсыг алдааг нь засч дахин хэвлүүлсэн.

-Сонгуулийн тойргийн хороодын зүгээс сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх тохиолдол олон гарсан.  Өлсгөлөн зарласан хойно нь бүртгэж, нэр дэвших боломж олгосон. Сонгуулийн ерөнхий хорооноос тэр үед яагаад зохицуулалт хийхгүй байсан юм бэ?

-Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх гэж бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулга, УИХ-ын сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо удирдан зохион байгуулах эрхтэй. Харин Аймаг сум, дүүргийн сонгуулийн хуульд ийм бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороонд олгогдоогүй. Зөвхөн мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхээр заасан байдаг. Зөрчил дутагдал гарсан тохиолдолд арга хэмжээ авах эрх нь аймаг, дүүргийн сонгуулийн хороонд бий. Багануур, Налайх, Сүхбаатар дүүрэг болон Хөвсгөл, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороод нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан.  Дараа нь шүүхээр яваад заргалдсаны эцэст бүртгэхээр болсон. Энэ бүхэн сонгууль зохион байгуулахад ч ихээхэн бэрхшээл учруулсан. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо эхлээд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаад тэр нь арваннэгдүгээр сарын 9-ний өдөр шүүхээр орж “Бүртгэхээс татгалзах үндэслэлгүй” байна гэсэн. Шүүх нь шийдвэрээ гаргасны дараа 15-нд “Бүртгэсүгэй” гэсэн шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж байгаа. Гэтэл сонгууль болох зургаахан өдөр үлдсэн байдаг. Энэ нь эргээд дахиад саналын хуудас хэвлүүлэх, дахиад машиндаа нэр дэвших хүмүүсээ оруулж програмчлах гээд маш их ажил удсан.

Хуулиараа тухайн буруу шийдвэр гаргасан Сонгуулийн ерөнхий хороо хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл шүүхээс цаг хугацаа тулгаж шийдвэрээ хүргүүлж байгаа гээд нэлээд асуудал байна л даа.

-Санал тоолох машины туршилт алдаатай болсон гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Мандатын тооноос илүү тэмдэглэвэл саналын тоо илүү гарна, дутуу тэмдэглэвэл саналын тоо дутуу гарна. Энэ бол маш энгийн ойлголт. Үүгээр улс төр хийх шаардлагагүй. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар тойргийн 60 дугаар хэсэгт нэг хүн хэрүүл маргаан хийсэн байсан. Сонгуулийн хорооноос тайлбарласны дараа ойлгоод явсан гэсэн. Туршилт хийхдээ нэг мандаттай байсан ч бүх нэр дэвшигчийг бөглөх замаар туршсан. УИХ-ын сонгуулийн үеэр ч бид сайн тайлбарласан.

-Сонгуулийн ирц хүрэхгүй бол яах вэ?

-Өмнөх орон нутгийн сонгуулиар нийслэлд ирц хүрэхгүй тохиолдол гарсан. Энэ удаагийн сонгуулийн ирц хүрэхгүй бол тухайн хэсгийн хороонд дахин санал хураалт явуулна. Түүнээс биш дүүргээрээ, сумаараа, аймгаараа санал хураалт явагдахгүй. Зөвхөн тэр хэсэгт гэсэн үг. УИХ-ын сонгуулиар 22, 26 дугаар тойрогт дахин санал хураалт болохоор болсон. Үүнтэй л адилхан.

-Иргэдийг саналаа өгөхийг үүрэгдэж болох уу?

-Үндсэн хуульд Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан. Саналаа өгөхийг үүрэгжүүлсэн заалт байхгүй. Ер нь иргэний үүргээ ухамсарлаад саналаа өгөх нь сонгогчдын эрхэм үүрэг. Нийт сонгогчид оо, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

-Сонгуулийн өдөр цаг агаар ямар байх бол, урьдчилсан мэдээлэл авсан байгаа юу?

-Цаг агаарын мэдээнээс харахад 20, 21-ний өдрүүд цастай гэсэн. Энэ дагуу сонгуулийн хороод, Засаг дарга нарт сонгогчдын саналыг өгүүлэхэд анхаарч ажиллах зөвлөмж өгсөн. Цасанд хаагдсан зам давааг нээх зэргээр шуурхай ажиллахыг зөвлөсөн. УИХ-ын сонгуулийн үеэр зарим сонгогч үерт боогдож байсан. Тэр үед Онцгой байдлын ерөнхий газраас тусгай тээврийн хэрэгсэл ашиглаж, сонгогчдыг зөөж байсан. Үүнтэй адил цасанд боогдсон тохиолдолд тээврийн хэрэгсэл гаргах ажилд төлөвлөгөө гаргаж ажилахыг сонгуулийн хороодод зөвлөөд байна.

-Урьдчилсан мэдээгээр аль аймагт цаг агаар хүндэлтэй байна?

-Өмнө нь цас орчихсон Хөвсгөл, Булган, Увс, Ховд, Завханаас бидэнд болзошгүй ажлын зардал болох бензин шатахууны зардал нэмж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу бид нийт 180 сая төгрөгийг цас, зудтай байгаа аймгуудад хүргүүлсэн. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс бусад бүх аймагт энэ мөнгийг хуваарилсан. Аймгууд цаашаагаа хэрхэн хуваарилахаа шийднэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж