Д.Сарангэрэлийн нэрийг өргөн мэдүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэлийн нэрийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүнийхээ албаас татгалзсан У.Хүрэлсүхийн оронд парламентад МАН-аас жагсаалтаар орж ирж буй Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэхээр сая СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Нэр дэвшигч Д.Сарангэрэл нэрийг нь өргөн мэдүүлэхэд өөрөө ирсэнгүй.

Нэр өргөн мэдүүлсний дараа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс сэтгүүлчид дараах тодруулгыг авсан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад ямар утгатай тогтоол өргөн барьсан бэ?

-УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнээс чөлөөлсөн тухай тогтоолыг СЕХ арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хүлээж аваад 16-ны өдөр СЕХ-ны хурлыг зарлаж хэлэлцсэн. Ингээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 52.2-т заасны дагуу МАН-ын жагсаалтаар нэр дэвшсэн Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээр нөхөн сонгогдсонд тооцсугай гэсэн тогтоолыг СЕХ гаргасан. Тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаад УИХ-ын даргад сая өргөн мэдүүллээ.

-Өвөрхангайн тойргийн хоёр нэр дэвшигч, “Шударга ёс” эвслийн Ц.Оюунбаатар нарын нэрийг өргөн мэдүүлсэн үү?

-Өвөрхангайн хоёр гишүүн, Ц.Оюунбаатар нарын нэрийг өмнө нь УИХ-д өргөн мэдүүлсэн.

-Шинэ гишүүдээр хэдээ тангараг өргүүлэх вэ?

-Хэзээ тангараг өргүүлэхийг УИХ-ын Тамгын газар мэднэ. Тангараг өргүүлэх ажлыг Тамгын газар зохион байгуулдаг.

-Өвөрхангайн шүүх шийдвэрээ эргэж нягтлахаар болоод байгаа гэсэн. Маргаантай байгаа тойргийн нэр дэвшигчдийг яаж шийдэж тангараг өргүүлэх вэ?
-Одоогоор Өвөрхангайн шүүхээс шийдвэрээ эргэж нягталж байна гэсэн мэдээллийг бидэнд ирүүлээгүй байна. СЕХ энэ асуудлаар шийдвэрээ гаргахдаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж гаргасан.

-“Шударга ёс” эвслийн Ц.Оюунбаатарын нэрийг хэзээ өргөн барьсан бэ. Эвслийн зүгээс хэнээр тангараг өргүүлэхээ шийдээгүй гэж байсан?

– УИХ-ын сонгуулийн дүн анх гарч 72 гишүүний нэрийг өргөн барихад Ц.Оюунбаатарыг өргөн барьсан.

-Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дахин с анал хураалтыг яаж зохион байгуулах вэ?

-Нийслэлийн энэ хоёр дүүрэг дээр УИХ-д нэр дэвшигчдээс 28 ба түүнээс дээш хувийн санал авч чадаагүй нэг, нэг тохиолдол гарсан. Хуульд зааснаар тойргийн хороо нь шийдвэр гаргаж санал авах өдөр, хугацаа, байрыг заасан шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн хороо, Баянзүрх дүүргийн 22 дугаар тойргийн хороо гаргасан. Баянзүрх дүүрэгт дахин санал хураалтыг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр явуулна. Саналын хуудсыг орон нутгийн сонгуультай  нэг цаасан дээр, дээр нь УИХ-ын сонгууль, доор нь дүүргийн сонгууль гэж бичээд явуулна.

-Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтыг яах вэ?

– Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн хороо дахин санал хураалт явуулсугай гэсэн шийдвэрээ түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж СЕХ-нд ирүүлсэн. Тэгэхээр дахин санал хураалтыг энэ удаа явуулах боломжгүй гэж ойлгож болно.

-Ингэсэн тохиолдолд нэр дэвшигчээ яах вэ?

-Нийслэлийн давж заалдах шатны шүүх шийдвэрээ эцэслэн гаргаад, гомдол маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн хороо хуралдаж дахин санал хураалтын товыг зарлана гэж бид ойлгож байгаа.

-Ямар ч гэсэн Сонгинохайрханд дахин санал хураалт явах юм байна гэж ойлголоо?

– Дахин санал хураалт явна.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж