Америкийн гран-при дэлхийн аваргын өрсөлдөөнийг шийдэж болохоор байлаа. Дэлхийн хошой аварга Себастьян Феттэл гол өрсөлдөгч Алонсогоос 10 онооны давуу байдалтайгаар уралдааныг эхлүүлсэн төдийгүй бямба гаригт хамгийн богино цагийг үзүүлснээр тэргүүн эгнээнээс гарсан байна. Алонсо харин гараагаа тун сайн хийсэн. “Феррари”-гийн нөгөө нисгэгч Фелипе Масса хурдны хайрцгаа сольсноос үүдэн таван байр ухарч гарах торгууль хүлээсэн байна. Гараан дээр Феттэл ялалт байгуулж, байрлалаа хадгалан эхний эргэлтийг давжээ. “Рэд Бүлл”-ийн хоёр нисгэгч уралдааныг тэргүүлж эхэлсэн, тэдний ард Хамилтон, Алонсо нар уралдах боллоо. Алонсогийн хувьд шагналын тавцанд багтахгүй л бол Бразиль дахь үр дүнгээс үл шалтгаалан цом Феттэлийнх болох байсан тул түүнд эрсдэлтэй алхам хийх боломж байгаагүй, мөн эхний гуравт багтахаас өөр сонголт үлдээгүй. Азаар Марк Уэббэрийн машинд эвдрэл гарч 16 дахь тойрогт Австрали нисгэгч уралдааныг орхисон байна. Энэ нь нэг байр урагшлах боломж гарсан ч тэр уралдааны туршид байрлалаа хадгалахын төлөө л тэмцлийг өрнүүлж чадсан юм. Энэ хооронд Феттэл уралдааныг тэргүүлж байсан ч Хамилтон боломж гарах бүрт дайралт хийж байлаа. 42 дахь тойрогт Хамилтоны зорилго биеллээ олсон. Тэрээр Ди Ар Эс ашиглан Феттэлийг гүйцэж түрүүлж чадсан байна. Ингэснээр Хамилтон Америкийн гран-прид түрүүлж, Феттэл, Алонсо нар удаалан шагналын тавцанд зогсчээ. Хатуу дугуйтай гарсан Женсон Баттон 32 дахь тойрогт зөөлөн дугуйгаар сольсон. Ингэснээр өмнө байгаа Райкконен, Грожан нарыг гүйцэн Массагийн ард тавдугаар байрт орсон байна.
Одоо дэлхийн аварга нисгэгч тодроход ганцхан гран-при үлдээд байна. Бразилийн уралдаанд Феттэл 13 онооны давуутай оролцоно. Боломжит хувилбараар Алонсо түрүүлж, тэрээр тавдугаарр байрнаас хойш шалгарахад цомоо алдаж болох ч улирлын турш жигд байгаа Феттэл ийм муу уралдана гэдэг магадлал бага. Тиймээс 25 настай Герман нисгэгч гурав дараалан дэлхийн аварга болсон гурав дахь нисгэгч болох мөч ойрхон байна. Өмнө нь Хуан Мануэл Фангио, Михайл Шумахер нар л “Формула нэг”-т дээрх амжилтыг үзүүлж байсан юм.
Бразилийн гран-при ирэх 25-ны ням гаригт болно.