Шинжлэх ухааны үндэслэлгүй эдгээр зүйлийг хүмүүс үнэн юм мэт хүлээж авч, айж, түгших асуудал газар авах хандлагтай байна. Үүнд хариулт өгөхөөр Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал, доктор Ү.Сүхбаатар Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Энэ ертөнц үнэхээр сөнөнө гэж үү” сэдэвт лекцийг өнгөрсөн бямба гаригт уншсан юм.
Тэрбээр “Сансрын биет солир, сүүлт од дэлхий дээр унавал эсвэл наран дээр хүчтэй дэлбэрэлт болбол дэлхий сөнөж магадгүй. Гэхдээ тийм зүйл болохгүй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Дэлхий нарнаас ирж байгаа тэсрэлтэд сөнөх боломжгүй, өөрийгөө маш сайн хамгаалах агаарт, цэнэгт, соронзон мандлын давхаргатай байдаг. Газар хөдлөлт гэх мэт байгалийн үзэгдэл болж болох ч дэлхийг сөнөөх хэмжээнд хүргэхгүй. Дэлхий өөрийгөө хэзээ ч үгүй хийхгүй. Ертөнц сөнөх тухай яриа дэлхий дахинд тархсан ч хүмүүс нь манайх шиг ингэж эдийн засагт нөлөөлөхүйцээр итгэдэгүй.Энэ нь манай иргэдэд шинжлэх ухааны мэдлэг хомс байгаатай холбоотой” гэсэн юм.
Лекцийн төгсгөлд хүмүүс доктор Ү.Сүхбаатарт асуулт тавьж сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тухайлбал 20 орчим насны нэг охин “Арванхоёрдугаар сарын 21-ны өдөр та хаана байх вэ. Та бусад хүмүүс шиг гэр бэлдсэн үү. Байшин нурах болов уу гэсэн айдас танд байна уу” гэж асуухад Ү.Сүхбаатар доктор тэр өдөр баасан гариг юм билээ. Ажлын өдөр учраас ажил дээрээ л байна даа. Би бусдын л адил давхар орон сууцанд амьдардаг. Тэглээ гээд эсгий гэр бэлдээгүй” хэмээн хариулна лээ.