
Дээхнэ үед хөмсгөө тас зангидаж, нүүрээ хүрлийлгэсэн төв царайтай зургаар улстөрчид имиж хийдэг байсан бол өдгөө дүр төрхөө зөөллөхийг хичээх болж, үүнийгээ амьтдаар тодотгох болов.
Алдартай бөх, Далай багштан, Төрийн есөн хөлт цагаан туг тэргүүтнээр хөргөө чимдэг байсан үе улирсан бололтой. УИХ-ын сонгуулийн үед Дорноговь аймагт нэр дэвшигч Я.Батсуурь ихэр унагаар баахан рекламдсан. Сүүлд нь ихрийн өрөөсөн унага эндсэн ч гэл үү таагүй явдал болсон юм гэсэн. Гэтэл БНН, Хамуг Монголын хөдөлмөрийн намынхан нялх хүүхдээр шоудсан. Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулдаггүй хууль байсаар байтал Б.Жаргалсайхан, С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар хэл, хөлд ороогүй хүний нярай үрсийг энгэртээ тун ч эв дүй муутайхан, хурга,ишиг шиг нааж байгаад авахуулсан зургаараа нийслэлийн гудамжуудыг чимсэн. Ботго, тугалтай хамт авахуулсан зургаараа ч РR-даж байх шиг. Ажнай хурдан хөлөг бол нэр дэвшигчдийн зургийн гол “фон”. Сонгогдсон хойноо зарим нь өөрийгөө “Эртэч бяцхан бялзуухай” гэж өхөөрдөх болов.
Орон нутгийн сонгуулиар энэ байдал үргэлжилж байна. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Гүрсоронзон Хөвсгөлийн тайгын цаа бугыг Улаанбаатарт оруулж ирээд сурталчилгаа хийж явна. Тайгадаа цасаа онгилж хөвдөө идэж явах ёстой хагас зэрлэг энэ амьтныг цардмал зам дээр ээрч, хүүхэд нохойн тоглоом болгож тамыг нь цайж сурталчилгаа хийж байх юм. Бас болоогүй ээ, миссийн тэмцээнд оролцож байгаа бүсгүйнх шиг туузыг хоёр цаа буганд эгэлдэрч туузан дээрээ Буянтогтохын Гүрсоронзон хэмээн дурайлгажээ. Үүнийг Б.Гүрсоронзонгийн сонгуулийн сурталчилгаа гэхээсээ илүү тийм нэртэй цаа буга байна гэж эндүүрэхээр. Хүүхдүүд дэргэд нь зургаа авахуулж, нохой шуугиулан далдичиж яваа хоёр цаа бугыг амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн харвал нэр дэвшигчийг торгож, цаануудыг хурааж таарна. “Эргэх холбоотой Энгийн даруу ажиллана” гэсэн уриатай Б.Гүрсоронзон эсвэл энгийн даруу загнаж, хэрэв сонгогдчихвол цаа буга хөлөглөн Баянзүрх дүүрэгтээ хатируулж явах гэсэн юм болов уу. Амьтан тарчлааж сурталчилгаа хийгчдийг сонгогчдодоо элгэмсэг хандана гэж найдаж болох болов уу.