Хоёр “хөлтэй” эрчим хүч

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Хоёр “хөлтэй” эрчим хүч

Эрчим хүчний систем дор хаяж дөрвөн тулгууртай байж гэмээнэ хэрэглээг бүрэн дүүрэн, найдвартай доголдолгүй хангаж чадна гэдэг. Харин манай эрчим хүч үйлдвэрлэлийн системийг бол хоёр тулгууртай буюу хоёр хөлтэй сандалтай зүйрлэж болно. Нэг хөл нь 4-р цахилгаан станц нөгөөх нь Оросоос нийлүүлдэг өндөр хүчдэлийн шугам. Энэ хоёр доголдолд ороход Монголын эрчим хүчний салбар унтарна гэж ТЭЦ-4ын гүйцэтгэх захирал Я.Цэвээн Эрчим хүчний хүчний засаглалын үнэлгээг танилцуулах хэлэлцүүлгийн үеэр ярьсан юм. 

Эрчим хүч бол дэд бүтцийн онцгой чухал салбар бөгөөд түүнээс улс орны эдийн засаг, тогтвортой хөгжил, амьдралын чанар шууд шалтгаална.  

Усан цахилгаан станц

Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээг нүүрсээр ажилладаг 4-р цахилгаан станц дангаараа тохируулдаг. Оройн 6-8 цаг хүртэл ачааллаа 480 киловатт болгоод шөнө болоход 380 килловат болгож бууруулдаг байна. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд ингэж ажиллах нь тоног төхөөрөмжид хортой, насжилтад нь нөлөөлдөг осолтой үйлдэл юм байна.

Иймээс Монголын эрчим хүчний системд гурав дахь тулгуур – усан цахилгаан станц зайлшгүй хэрэгтэй гэж салбарын мэргэжилтнүүд ам уралдан ярьж байлаа. Өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээний өсөх, буурах ачааллын горимыг усан цахилгаан станцаар тохируулах нь зүйтэй юм байна.

Харамсалтай нь, усан цахилгаан станцын төслийг улс төржүүлдгээс болоод дэмжлэг авахгүй байгаа. Мөн олон нийт усан цахилгаан станцын тухай зөв мэдлэг түгээх хэрэгтэй гэж салбарын мэргэжилтнүүд ярьж байна. 

Ер нь бол шинэ Эрчим хүчний яам Сэлэнгэ мөрөн дээр 400 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулахаар Техник эдийн засгийн үнэлгээ /ТЭЗҮ/-г нь хийлгэж эхэлсэн байна.

Сэргээгдэх эрчим хүч

Дөрөв дэх тулгуур байгалийн шавхагдашгүй нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд цахилгааны хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх зорилт өмнөх Засгийн газрын үед баталсан.

Ингээд ирэх жилийн хавар ашиглалтад орох “Ньюком” группын 50 мегаваттын Салхит, салхин паркаас эхлээд, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл нэлээн хэдэн компанид олгосон байна.

Үүнд “Ийст энержи девелопмент” ХХК-д 600 МВ-ын, “Юнайтэд Пауэр” ХХК-д 18 МВт, “АБ солар винд” ХХК-д 100 МВт, “Айденер глобал” ХХК-д 50,4 МВт-ын салхин цахилгаан станц барих тусгай зөвшөөрлүүдийг 2011 онд олгосон, энэ компаниуд одоо судалгааныхаа ажлыг хийж байгаа юм байна.

Сэргээгдэх эрчим хүчээр нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг хангах төлөвлөгөөний гаргангуут баруун Европын орнуудаас энэ салбарт хамтарч ажиллах санал тавьж эхэлжээ. Эрчим хүчний яамнаас, нар салхи, уснаас гаргаж авах эрчим хүчнийг нөөцийн судалгааг хийж дуусгасныхаа дараа хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтрахаа шийднэ гэж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв хэлсэн.

2007 онд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдсанаар, мөн 2010 онд Концессийн хууль батлагдаж эрчим хүчний үйлдвэрлэлд хувийн хэвшил оролцож, шинэ эх үүсвэрийг заавал улсын хөрөнгөөр биш хувийн хэвшил барьж, өрсөлдөөн өрнөх боломжтой болсон.     

Улаанбаатарчуудын мөрөөдөл ТЭЦ-5

Мэдээж энд олон жилийн турш яригдаж байгаа  Концессийн хууль батлагдсаны ачаар энэ ТЭЦ-5-ын төсөлд хөрөнгө оруулагч орох боломжтой болжээ.

2008 онд ТЭЦ-5-ын тендэрийг зарласан ч хөрөнгө оруулах сонирхолтой ганцхан компани материалаа ирүүлж байсан ч ашиггүй гэж үзээд оролцоогүй байна. Одоо бол байдал өөр. Манай улсын эдийн засгийн өсөлтийн ачаар одоо эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад байна.

Тиймээс ТЭЦ-5ыг барих газрын асуудлаа шийдэх юм бол компаниуд оролцоход бэлэн байна. Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвийн хэлснээр бол газрын асуудлыг ойрын хугацаанд шийдээд, ирэх онд эхлүүлэн таван жилийн дотор барьж дуусгана гэв.

Эрчим хүчний салбарын хараат бус байдал арилна

2014 онд эрчим хүчний үнийг чөлөөлөх УИХ-ын 72-р тогтоол хэрэгжинэ.

Урьд нь Эрчим хүчний эрэлт өсөөд байхад хувийн хэвшлийн сонирхлыг татдаггүй байсан бас нэг шалтгаан бол тарифын асуудал гэж ТЭЦ-4-ын захирал Я.Цэвээн хэлсэн. Нэг киловатт цахилгааны 4-5 центээр /нэг киловатт цахилгаан 80-100/ үнэлэж байхад энэ салбарт бизнесийн орон зай байна гэж харах хөрөнгө оруулагч байгаагүй гэнэ.

Мөн энэ салбарт шийдвэрлэж чадахгүй байгаа бас нэг тулгамдсан асуудал бол салбарын өр авлагын сүлжээ билээ. Эрчим хүчний үйлдвэр, уурхай бэлтгэн нийлүүлэгч болон хэрэглэгчийн хоорондын өр, авлагын хэмжээ буурахгүй, алдагдалд оруулдгийг хүн бүр мэднэ. 

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр тогтмол 5-7 хувиар өсч байна. Өнгөрөгч 2011 онд Монгол Улс 4,500 сая киловатт цаг үйлдвэрлэжээ. Монголын суурилагдсан хүчин чадал 840 мегаватт юм. Нийт эрчим хүчний хэрэглээний ялангуя баруун бүсийн 70 хувийг Оросоос жилд дунджаар 120-130 мегаваттын эрчим хүч авч байна.

Эрчим хүчний салбарыг төрөөс хараат бус болгох хууль зүйн орчин бага багаар бүрдэж байна.

Гол нь хэт их улс төржүүлэхгүй, ядаж сонгуулиар гэр хороололд цахилгааны тарифыг тэглэнэ, үнэ нэмүүлэхгүй гэдэг популист амлалт илгээн тоглохгүй бол хөгжих биеэ даах, хэрэглээг гүйцэж түрүүлэх бүрэн боломж байна гэж Эрчим хүчний ассоциацийнхан үзэж байгаа юм байна.  

Эдийн засаг огцом өсөлт болон хүмүүсийн амьдралын төвшинг сайжруулахад эрчим хүчний салбарыг урьдынхаас илүү хариуцлагатай, иргэд олон нийтийн оролцоог хангах шаарлага зүй ёсоор шаардагдаж байна гэж тэд онцолж байгаа юм.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж