Мьянмар хоригдлуудад өршөөл үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Мьянмар хоригдлуудад өршөөл үзүүлжээ

АНУ-ын улиран сонгогдсон Ерөнхийлөгч Барак Обама үүрэгт ажлаа хүлээн авснаас хойшхи анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа Мьянмарт өнөөдөр эхлүүлж байна. Мөн энэ өдөр тус улс дахин 66 хоригдлыг сулласан байна. Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн хоригдлуудад өршөөл үзүүлэх зарлигийг өнгөрсөн баасан гаригт гаргасан бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногт хоёр дахь удаагаа хоригдлуудад өршөөл үзүүлэн сулласан тохиолдол юм. Мьянмар үүнээс дөнгөж нэг өдрийн өмнө ерөнхийлөгчийн өршөөлийн зарлигаар 452 хоригдлыг сулласан. 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн болон сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналтан Ан Сан Су Чи нартай уулзаж байгаа бөгөөд тэд Мьянмар дахь хоригдлуудын нөхцөл байдал, улс төрийн шинэчлэл, иргэдийн хуулийн өмнө тэгш эрх эдлэх талаар авч хэлэлцэн, санал бодлоо солилцох тухай тус айлчлалаас өмнө мэдэгдэж байсан. Харин маргааш АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Камбожи улсад айлчлахаар нисэх юм байна. Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн хоёр жилийн өмнө ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш тус улсад шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, цэргийн дэглэмийн үед баривчлагдан хоригдож буй олон зуун улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэн суллаад байгаа юм. Түүний энэхүү ажлын үр дүнд Мьянмарын гадаад оронтой харилцах харилцаанд дэвшил гарч, томоохон гүрнүүд тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцалснаар эдийн засаг болоод улс төрийн хувьд сэргэж байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж