Энхийг сахиулагч зүрхний шигдээсээр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагч зүрхний шигдээсээр нас баржээ

Өмнөд Судан улсад алба хааж буй Монгол Улсын эхний ээлжийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан цэргийн албан хаагч, ахлагч Г.Мөнх-Эрдэнэ өвчний улмаас энэ сарын 13-нд зуурдаар  нас барсан талаар мэдээлэл гарсан. Талийгаач Г.Мөнх-Эрдэнэ нь Өмнөд Судан дахь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны нэгдүгээр ээлжийн батальоны удирдлага дэмжлэгийн ротын тээврийн салаанд жолоочийн албан тушаалд амжилттай ажиллаж байсан ажээ. Энэ талаар Батлан хамгаалах яамнаас албан ёсны мэдээллийг хүргэж байна.

Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга н.Баярмагнай дараах мэдээллийг өгсөн юм.

-Өмнөд Суданд алба хааж байсан энхийг сахиулагч нас барсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Яг ямар өвчнөөр нас барсан талаар албан ёсны мэдээлэл, шинжилгээний дүн гарсан уу?

-Ахлагч Г.Мөнх-Эрдэнэ агсан Өмнөд Суданы Жуба хотод үүрэг гүйцэтгэж байх үедээ буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 03.30 цагийн үед гэнэт таталт өгсөн байгаа юм. Тэр үед цэргийн багийнхан яаралтай түргэн тусламж үзүүлж улмаар Комбожи улсын хоёрдугаар шатны эмнэлэгт анхны тусламж үзүүлсэн боловч тэрээр 04.00 цагийн үед амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Талийгаач зүрхний шигдээс өвчнөөр амиа алдсан нь задлан шинжилгээгээр батлагдсан. Ямар нэгэн гадны нөлөө байгаагүй. Талийгаачийн цогцсыг Туркийн Станбул хотоор дамжуулан “Туркиш Эйрлайн” онгоцоор өнгөрсөн бямба гаригт эх оронд нь авчирсан. Талийгаачийн ар гэрийн хүсэлтээр нутагт нь хөдөөлүүлэх гэж байгаа.

-Үүрэг гүйцэтгэхээр явахад нь болон тус улсад эмнэлгийн үзлэг хийдэг биз дээ. Өмнө нь ямар нэгэн өвчлөл илэрч байсан уу?

-Манай улсад бүх үүрэг гүйцэтгэгчдийг эмнэлгийн нарийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг. Талийгаач ямар нэгэн суурь өвчингүй байсан. Мөн Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэхээр гарахын өмнө заавал эмнэлгийн үзлэгт оруулах ёсоор үзлэгт хамруулсан. Тэр үед эрүүл мэнд нь ямар нэгэн өөрчлөлтгүй байсан.

-Г.Мөнх-Эрдэнэ өмнө нь хаана алба хааж байсан бэ?

-Г.Мөнх-Эрдэнэ нь зэвсэгт хүчний байгууллагад 12 жил алба хашсан 34 настай. Суданд үүрэг гүйцэтгэхээр явахын өмнө Ховд аймгийн 123 дугаар ангид ажиллаж байсан. Тэрээр 2006, 2009 онд Сьерра-Леон улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн II, VIII ээлжид үүргээ амжилттай гүйцэтгэж “Энхийн төлөө” медаль, НҮБ-ын медаль-I, II, “Эх орны төлөө III”, хүндэт тэмдгээр тус тус шагнагдаж байсан туршлагатай эхнийг сахиулагчдын нэг. Талийгаач 1978 онд Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан. Аав нь мөн Ховд аймгийн Булган суманд гаалийн байцаагчаар ажиллаж байгаа юм.

-Гадаадад үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амиа алдсан хүмүүс их эмзэглэж байна л даа. Мэдээж хэрэг энхийг сахиулагчдыг бие бялдар, эрүүл мэндийн хувьд тодорхой шалгууртай, эмнэлгийн үзлэг хийсний үндсэн дээр явуулдаг байх. Өмнө нь эрүүл мэндийн улмаас албаа хааж чадахгүй эргэж ирсэн тохиолдол гарч байсан уу?

-Эмнэлгийн нарийн үзлэгт хамрагдан явдаг болохоор ийм тохиолдол тун цөөхөн байдаг. Өмнө нь манай алба хаагч н.Цолмонбаатар зүрхний булчингийн хавдар өвчин туссан тул эх орондоо буцан ирж байсан. Тэрээр мэс засал хийлгэж одоо эдгэрч байгаа.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж