НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан “Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайгийнхаа компаниар Туул голын хөвөөнд хотхон бариулж байгаа” гэх мэдээлэл гаргасан. Энэ нь Орон нутгийн сонгуулийн өмнө нийслэлийн Засаг даргын нэр хүндэд халдах гэсэн гүтгэлэг хэмээн үзэж шүүхэд хандаж байгаагаа Б.Чулуудай хэлж байлаа.
“Эрдэнийн төгөл” хотхоны барилга барих зөвшөөрлийг анх 2007 онд нийслэлийн Засаг даргаар Ц.Батбаяр ажиллаж байх үед авч байсан юм байна. Үүнд орон сууц, соёл урлагийн чиглэлээр ажиллахаар зөвшөөрөл авсан бөгөөд одоогоор орон сууц болон “Сонор” рекордс дуу, бичлэг, бүжгийн клубын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Энэ талаар “Сонор рекордс”-ын захирал Б.Чулуудайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Барилгын зөвшөөрлийг анх хэзээ авсан юм бэ. Э.Бат-Үүлийг хотын дарга болсноос хойш зөвшөөрөл авсан гэх мэдээлэл гараад байгаа л даа?
-Манай өвөөг ардын уран зохиолч С.Эрдэнэ гэдгийг хүмүүс мэдэх байх. Энэ хүний дурсгалд зориулж орон сууц, соёлын төв барих “Эрдэнийн төгөл” төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Төсөл маань амжилттай хэрэгжээд явж байгаа. Хэвлэл мэдээллээр гарч байгаачлан аавын нөлөөлөл энд байхгүй. Зөвшөөрлийг анх 2007 онд авсан. Энэ талаар мэргэжлийн хүммүүс нь шалгаж болно. Би ч шалгуулахад бэлэн байна.
-Таны аав Э.Бат-Үүл таны бизнест оролцдог уу. Хэрхэн дэмждэг вэ?
-Аав маань миний бизнест оролцдоггүй. Энэ бол 100 хувь манай компанийн хийж байгаа үйл ажиллагаа юм. “Сонор рекордс” нь 1996 оноос орчин үеийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Бид “Эрдэнийн төгөл” хотхоныг байгуулахын тулд 1998 онд төслөө боловруулж газрын хүсэлт тавьсан боловч удаа дараа хүлээгдсээр 2007 онд барилгын хог хаягдлын цэг байсан нэг га газрыг авсан. Одоогоос таван жилийн өмнө газрын зөвшөөрлөө авч барилга барьсан. Монгол хүн бүр өөрийн сурч, боловсорсон мэргэжлээ улс эх орондоо зориулж байх ёстой. Би ч үүний адил өөрийн сонирхол, эзэмшсэн мэргэжлийн дагуу Монголын урлагт хувь нэмрээ оруулж яваа.
-Барилгыг өндөр хүчдлийн шугамтай ойр барьсан гэх мэдээлэл байна?
-Газрын зөвшөөрлийг өндөр хүчдэл, аюулгүй байдал зэргийг харгалзан зөвшөөрөл олгодог. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Газрын албанаас хуулийн дагуу бичиг баримтыг бүрдүүлж, хуулийн дагуу зөвшөөрөл олгогдсон. Өндөр хүчдэлийн ойролцоо барьсан гэдэг бол ташаа мэдээлэл юм.
-Яг одоо та ямар бизнес эрхэлж байгаа вэ?
-“Сонор рекордс”-ынхоо захирлаар ажиллаж байгаа. Мөн хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулалтын чиглэлээр бизнес эрхэлж байна. Цаашид би аавынхаа нэр хүндийг бодоод хийж байгаа ажлаа ил тод байлгах болно. Д.Амарбаясгалангийн хувьд хүний нэр хүндэд халдах замаар улстөр хийж байгаа нь буруу. Тиймээс би шүүхэд хандах болно.