Тайландын хямралын шалтгаан баян ядуугийн хуваагдал уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Тайландын хямралын шалтгаан баян ядуугийн хуваагдал уу?

Бангкок дахь эдийн засгийн элитүүд, Тайландын хөдөө нутагт байгаа ядуучуудын асуудал тус улс дахь улс төрийн хямралын үндэс байж болзошгүй. “Тайланд өмнө нь 1973, 1976, 1992 онд улс төрийн хямралд өртөж байсан ч өнөөдрийнх шиг ийм үзэгдэл огт гарч байгаагүй. Өмнөх зөрчлүүд илүүтэй улс төрийн өнгө аястай байсан бол энэ удаа шууд нийгмийн цөмд хүрч байна” гэж Бангкок хотын захирагч Sukhumbhand Paribatra “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна.
Өмнөх зөрчилдөөнүүд улс төрчдийн зан байдал, бодлого шийдвэртэй илүү холбоотой байсан бол энэ удаад илүү ангич /класс/ өнгө аястай байна гэж өмнө нь АНУ-ын Тагнуулын төв газар ажиллаж байсан, одоо Бангкокт байрладаг “PSA Asia” аюулгүй байдлын компанийн захирал Paul Quaglia ярьж байна. Мэдээлэл холбооны технологи хөгжсөн нь энэ зөрчилд мөн нөлөөлж байгаа бололтой. “Засгийн газрын цензурыг даван хүмүүс хөдөө орон нутгийнхантай яаж харилцаж чадаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Өнөөдөр хүн бүр гар утастай, интернеттэй бөгөөд твиттер ашиглаж байна” гэж тэр ярьсан.
Тус улсын нийтээр хүндлэгддэг эзэн хааны эрүүл мэнд өнгөрсөн есдүгээр сараас хойш тийм ч сайн биш байгаа нь хаант засгийн асуудлыг цаашид яаж шийдэх вэ гэдэг тухай тодорхойгүй асуудал үүсгэж байгаа юм.
“Энэ удаагийн зөрчил хэн засгийн газрыг толгойлж байна вэ гэдгээс илүү яагаад хүн амын хоёрхон хувь нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийн 80 хувийг авч байгаа юм бэ гэсэн асуудал тавьж байна” гэж ажиглагчид ярьж байна. Хэдийгээр энэ үймээн, бослого тус улсын аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж байгаа ч аялал жуулчлал Тайландын ДНБ-ын ердөө зургаахан хувийг бүрдүүлдэг байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж