Арваннэгдүгээр сарын 21 буюу энэ долоо хоногийн лхагва гаригт Орон нутгийн сонгууль болж аймаг, сум, дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгчдийг сонгоно. Нийслэлийнхний хувьд өнгөрсөн зун УИХ-ын сонгуультай хамтатган нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож Э.Бат-Үүл баатрын багаар Улаанбаатарыг удирдуулахаар болсон.
Ямар ч гэсэн эхний үр дүнгээ үзэж өчнөөн жил толгойн өвчин болсон нийслэлийн замын түгжрэлийг 20 хувиар бууруулж, Энхтайваны өргөн чөлөөгөөр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр явдаг болсон. Гэр хорооллын иргэд хямд нүүрстэй болов. Нийслэлийн төв дэх зах замбараагүй газар олголтыг хумиж, зөвшөөрөлгүй барилгуудыг булшилна гэдгийг сануулсан. Захын хорооллууд хур хогноосоо саллаа. Нийслэлийн иргэдийн хувьд ийнхүү орон нутгийн сонгуулийнхаа үр дүнг үзээд эхлэв.
Нийслэлчүүд одоо дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгоно. Олуулаа болж баатар даргын багийг дэмжих уриатай АН-ынхныг сонгох уу, Түмнээ түшиж Төрөө хянана гээд буй МАН-ыг гаргах уу, МАХН+Шударга хяналт гээд буй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг дэмжих үү гэдэг нь улаанбаатарчуудын эрх.
Хөдөө орон нутгийнхан аймаг, сумынхаа ИТХ-ын төлөөлөгчдийг гаргаж ирнэ. Олон жил бугшаад орон нутгаа хөгжүүлэхгүй байгаа нөхдийг дахин сонгож хямгадаад байх уу, шинэ залуу үеэ гаргаж ирж ахуй амьдралдаа салхи оруулах уу гэдэг бас л хөдөөгийн иргэдийн сонгох эрх.
Яадаг ч байсан хэлэх гэсэн үгийг тань хүлээж авч амьдрал ахуйд тань дэм болох, орон нутгийг тань өөд татах, үр хүүхдийн тань ирээдүйд гэгээ нэмэх тийм хүчин, тийм хүмүүсээ гаргаж ирэх цаг нь боллоо.
Орон нутгийн сонгууль ажлын өдөр болно. Гэхдээ энэ өдөр нийтээр амарна. Том зах зээлүүд ажиллахгүй. Амарна гэдэг нь сонгогч таныг сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж гаргаж өгч байгаа хугацаа. Өнгөрсөн зун УИХ-ын сонгууль өгсөн шигээ автомат машинаар санал хураана. Өмнө нь нэг удаа амжилттай сонгуульдсан болохоор иргэд үүнийг төвөггүй хийж чадна.
Энэ сонгуулийн онцлог нь иргэний цахим үнэмлэхээр саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн үеэр иргэдийг бүртгэлийн сан, хурууны хээний сангаар бүртгэж санал өгүүлж байсан бол энэ удаа цоо шинэхэн цахим үнэмлэхээ бариад санал өгөх байрандаа очих юм.
Түрүү түрүүчийн жилүүдэд сонгогчийн үнэмлэх гэж гэрт хүргэж өгдөг байсан үнэмлэхийг тараахгүй. УИХ-ын сонгуулиар ч тараагаагүй. Тэгэхээр иргэний цахим үнэмлэхээ бариад л очиход санал өгөхөд саадгүй гэсэн үг.
Монголчууд угаасаа сонгуульд хамгаас идэвхтэй оролцдог ард түмэн. Өөрсдийнхөө ахуй амьдралд хамгийн дөт байдаг орон нутгийнхаа парламентыг сонгоход ганцхан хоног үлдлээ.