
“Холбоодын цом”-ын тэмцээний аваргын төлөө 2011 оны Спрайт хөгжлийн болон Спрайт супер лигийн хүрэл медальт “Эрдэнэдрийлинг RIGS” болон 2011 оны Спрайт хөгжлийн лиг, Спрайт супер лигийн аварга “Танан гарьд” багууд өрсөлдлөө. Өгөө аваатай болсон тоглолтын эхнээс “Эрдэнэдрийлинг RIGS” баг илүү тоглолт үзүүлж байсан ч эцсийн мөчид “Танан гарьд” багийн тоглолт сэргэж, оноог ойртуулан улмаар 65:64 харьцаатай хожсоноор тэмцээний аваргаар тодорсон. Харин хүрэл медалийн төлөө дээд лигийн шилдэг багууд болох лигийн дөрвөн удаагийн аварга “ER Харцага”, өнгөрсөн жилийн “Холбоодын цом”-ын аварга “Баянзүрх Буллс” багууд өрсөлдсөн юм. Сонирхолтой өрнөсөн тоглолтын эцсийн дүнд 61:55 харьцаатайгаар “ER Харцага” баг ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангав.
Эмэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөө “МУИС”, “Танан Импекс” багууд өрсөлдсөн юм. Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай “МУИС” багийн охид өрсөлдөгчөө 64:57 харьцаатайгаар буулган авснаар “Холбоодын цом”-ын тэмцээний эмэгтэй анхны аваргаар тодорлоо. Харин эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө “МУБИС” болон “Гурван тамир” багууд өрсөлдсөн. Тоглолтын эцсийн мөчид “МУБИС” багийн охид 53:52 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн эзэд болсон байна.
Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор “Танан Гарьд” багийн О.Ууганбаяр, “МУИС” багийн Ч.Долгор тус тус шалгарсан. Үнэ цэнэтэй тоглогчийн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос NBA-ын тоглолт үзүүлэх юм байна.
“Холбоодын цом”-ын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй билэгдлийн гарааны таван тоглогчоор Б.Билгүүн (Баянзүрх Буллс), Одбаяр (ER Харцага), Н.Золжаргал (Эрдэнэдрийлинг RIGS), Б.Батжавхлан (Эрдэнэдрийлинг RIGS), О.Ууганбаяр (Танан Гарьд), эмэгтэй билэгдлийн гарааны таван тоглогчоор Г.Отгонтуяа (Гурван тамир), Э.Чимиддолгор (МУБИС), Д.Ганзул (Танан импекс), Д.Жаргалан (МУИС), Г.Энхдэлгэр (Танан импекс) нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Мөн тэмцээний үеэр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Танан гарьд” багийн М.Дорждавга, “ИНЕГ-ын Буянт-Ухаа” багийн Д.Нямдаваа нарт сагсан бөмбөгийн Спортын мастер цол хүртээлээ.





