Кенийн нийслэл Найроби хотын захын Истли дүүрэгт дүүрэн нийтийн тээврийн “матату” гэж нэрлэгддэг жижиг автобус руу үл мэдэх этгээд гар бөмбөг шидэж, дэлбэлжээ. Үүний улмаас долоон хүн амь үрэгдэж, 24 хүн гэмтэж бэртсэн байна. Тус дүүрэгт голдуу Сомалийн цагаачид оршин суудаг аж. Одоогоор ямар нэгэн бүлэглэл энэхүү халдлагын хариуцлагыг хүлээнэ гэж мэдэгдээгүй байна. Кенид энэ мэт халдлага өнгөрсөн жилээс тус улсын арми Сомалийн зэвсэгт аль-Шабааб бүлэглэлтэй тэмцэх тэмцэлд нэгдсэнээс хойш гарч эхэлжээ. Кенид хоёр долоо хоногийн өмнө сүм рүү мөн гар бөмбөг шидсэнээс нэг хүн амь үрэгдэж, 13 хүн гэмтэж, шархатсан хэрэг гарсан. Гэрчүүдийн яриагаар энэхүү халдлагыг үйлдэгчид нь аль-Шабааб зэвсэгт бүлэглэлийн гишүүд байжээ.
Түүнчлэн Кенийн сургуульд сар гаруйн өмнө иймэрхүү халдлага гарч нэг хүүхэд нас барж, олон хүүхэд гэмтэж бэртсэн байна. Сомалийн аль-Шабааб зэвсэгт бүлэглэл нь далайн дээрэм, тонуулаар гаршсан бөгөөд сүүлийн үед гадны орны иргэдийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ. Аль-Шабааб бүлэглэлийг алан хядлагын олон улсын аль-Кайда бүлэглэлтэй холбоотой гэх таамаг байдаг аж.
Б.АНХТУЯА