Словенийн Марибор хотноо энэ сарын 7-нд эхэлсэн шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд 91 орны 8-18 насны 1600 гаруй шатарчин оюун ухаанаа сорьсон бөгөөд Монголоос дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага дор 38 шатарчин өрсөлдөв. Монголын баг тамирчдаас охидын 18 насны ангилалд өрсөлдсөн Олон улсын мастер А.Энхтуул хамгийн өндөр амжилт үзүүлж, 11 дүгээр байрт шалгарсан бол хөвгүүдийн найман насны ангилалд Б.Ирмүүнтулга 12 дугаар байрт шалгарчээ. Мөн охидын 12 насны ангилалд ФИДЕ мастер Д.Номин-Эрдэнэ 12 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлэв.
Нийт 17 улсын баг тамирчид ямар нэгэн медаль хүртснээс Энэтхэг 8 (3 алт, 2 мөнгө, 3 хүрэл), ОХУ 8 (3+2+3), АНУ 4 (2+1+1) медаль хүртсэн амжилтаараа тэргүүлж байна. Харин Узбекстан, Вьетнам, Польш, Ирланд улсууд нэг нэг дэлхийн аваргатай болсон бол БНХАУ хоёр хүрэл медаль хүртжээ.
Манай улсын тамирчдын хувьд өмнө нь тус тэмцээнээс Б.Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд мөнгө, харин 2010 онд Д.Номин-Эрдэнэ алтан медаль хүртэж байсан юм.
Монголын тамирчдын дүнг доорх хүснэгтээс үзнэ үү.
Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР