Сүүлийн үед зургаан хувийн орон сууц хөтөлбөр зогссон, хөрөнгө санхүүгүй болсон гэсэн яриа үе үе дэгдэж байгаа учраас “мөрөөдлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт ямархуу байгаа талаар танилцахаар ОССК буюу Орон сууц, санхүүжилтийн корпорацийг зорьсон юм.
Өглөөний 11.00 цагийн үед ОССК-т очиход өмнөх шиг материалаа өгөх гэсэн иргэдийн цуваа огт харагдсангүй. Мөрөөдлийн хөтөлбөр зарлагдсан эхний өдрүүдэд мөрөөдлөө биелүүлэх гэсэн иргэд хэд хоногоор дараалалд зогсч, бие биеэсээ өрсөх өнөөх монгол зангийн тэмцлийн дагуу ёстой л жинхэнэ тэмцэл өрнөж байсан. Материалаа бүрдүүлэх гэж хэдэн өдөр Төрийн банк сахиж хэдэн өдрөөр ажлаа алдаж байна гэсэн гомдол хөвөрсөн ч ийм сайхан боломжоор төр хангаж байхад ганц нэг удаагийн ажил “хаялт” ч яамай даа хэмээх хүн ч олон байсан сан. Тухайн үедээ л ёстой олныг хуйлруулж чадаж байсан хөтөлбөр үүдсэн дараалал өнөөдөр харин алга.
Иргэдээс орон сууцтай болох өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь үнэн болж таарлаа. Гэхдээ ОССК-ийн зарим мэргэжилтнүүдтэй бид иргэдээс өргөдөл, гомдол хүлээж авч байгаа гэсэн тайлбарыг өгч байсан ч үнэндээ тэд хандсан хүн өнөөдөртөө л алга. ОССК-аас энэ талаар тодруулахад, “Манайх анхан шатны өргөдөл хүлээж авч байгаа. Төрийн банк санхүүжилтийн асуудлыг шийднэ" гэлээ.
Харин Төрийн банкны төв дээр очтол урт дараалал ч мөн алга байлаа. Гэхдээ зээлээ гарах болов уу гэж хүлээсэн, лавласан хүмүүс багагүй байсан. Дөрвөн сарын өмнө хүсэлтээ өгсөн н.Дэлгэрмаа “Би дөрвөн сарын өмнө зээл хүссэн өргөдөл, бичиг баримтаа ОСКК-д өгсөн. Материал нь бүрдсэн учраас Төрийн банкинд шилжүүлсэн. Гэтэл миний өмнө олон хүн байгаа учраас одоохондоо хамрагдаагүй байна. Хааяа ирж өөрийнхөө дараалал болж байгаа эсэхийг, ер нь юу болж байгаа бол гэж шалгах юм. Хөгжлийн банкнаас 10 тэрбум төгрөг нь ороод ирвэл би зээлд хамрагдах юм шиг байна лээ” гэж байлаа.
Сүүлийн үед гарсан ОССК-ийн санхүүжилт зогссон гэсэн яриа ч үнэний ортой бололтой. Төрийн банкинд ОССК-д зээл авах өргөдөл гаргасан 4000 орчим иргэдийн хүсэлтийг хүлээн авчээ. Зургаан хувийн хүүтэй зээлийг анх гаргахдаа Хөгжлийн банкнаас 50 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Энэ талаар Төрийн банкнаас тодруулахад “Төрийн банкинд одоогоор 4000 гаруй иргэдийн хүсэлт ирсэн байгаа. Үүнээс 800 орчим иргэний хүсэлтийг хүлээн авч, зээл олгоод байгаа. Хөгжлийн банкнаас 40 тэрбум төгрөгийг шилжүүлээд, зээлээ олгож дууссан. Одоо 10 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас манай банкинд шилжүүлнэ” гэлээ.
Тэгвэл 10 тэрбум төгрөгөөр хичнээн хүн байртай болох вэ. 40 тэрбум төгрөгөөр 800 орчим өрхийн зээлийг санхүүжүүлсэн гэж албаныхан хэлж байна. Одоо харин үлдсэн иргэдээс 10 тэрбум төгрөгөөр хэдэн хүнийг орон сууцтай болгох вэ. Дунджаар бодоод үзэхэд 200- 250 орчим өрх хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой байна.
Харин Хөгжлийн банкны мэргэжилтэн нь өнгөрсөн аравдугаар сард “Ирэх долоо хоногоос санхүүжилтийг олгоно” гэсэн тайлбар өгсөн байсан. Гэвч одоо болтол санхүүжилт орж ирээгүй байгааг Төрийн банкныхан болон ОССК-ийнхан хэлж байна.
“Зургаан хувийн хүүтэй зээл” хөтөлбөр “төрөнгүүтээ” “мөрөөдлийн” гэх тодотголыг өмнөө зүүчихсэн. Зургаан хувийн орон сууц хөтөлбөрт ердөө 50 тэрбум төгрөг зарцуулах юм бол 100 мянган айлыг бус 1000 орчим айлыг оронсууцжуулахад ч хүрэлцэхгүй мөнгө гэх хүмүүс олон байсан юм.
Хөгжлийн банкнаас ирэх тавдугаар сарын 12 хүртэл нийт 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг бага, дунд орлоготой иргэдэд зориулах жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохоор Төрийн банктай гэрээ байгуулсан. Өнгөрсөн есдүгээр сард 30 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд үлдсэн 20 тэрбум төгрөгийг 10, 10 тэрбум төгрөгөөр нь тус тусад нь олгохоор болсон байна. Одоо 10 тэрбум орчим төгрөг олгогдох бөгөөд хамгийн сүүлийн бага хүүтэй зээлийг одоогоос 14 хоногийн өмнө Төрийн банк олгожээ. Төрийн банк үлдсэн 10 тэрбумыг хэзээ өгөхийг тодруулах гэсэн боловч тус банкныхан “ажилтай байна, удахгүй өгнө” гэхээс өөрийг хэлсэнгүй.
Мөн Сангийн яамнаас “Зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах зээлийн хүсэлтийн хэмжээ нь санхүүжилтийн эх үүсвэрээс хэтэрсэн учраас ОССК, Төрийн банк иргэдийн зээлийн хүсэлт авахыг түр зогсоогоод байгаа” гэлээ. Хөгжлийн банкнаас үлдсэн 10 тэрбум төгрөгийг олголооо ч зээлд хамрагдах хүсэлттэй 4000 мянган иргэдийн хүсэлтийг бүрэн “гүйцэлдүүлэх” боломжгүй гэсэн тайлбарыг өгч байгаа юм.
Энэхүү хөтөлбөр Засгийн газраас ард иргэдээ харж үзэж байгаа “том” боломж гэж өнгөрсөн Засгийн газраас зарлаж байсан ч шинэ Засгийн газраас үүнийг судалж, эргэн харах ёстой гэсэн шийдвэрийг гарсан байна. Үнэхээр зургаан хувийн хүүтэй зээл олгох боломжтой бол үүнийг нь үргэлжлүүлэн санхүүжүүлээд явах ёстой, эсвэл МАН-ын Засгийн газрын сонгуулийн шоу байсан эсэхийг ажлын хэсэг гаргаж судлаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэ, шинэчлэлийн Засгийн газраас Ерөнхий сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлыг хэсэг гарч, иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлэх болон орон сууцтай болгох хөтөлбөрүүдийг судалж байгаа юм байна.
Төрийн банк нь Хөгжлийн банкнаас санхүүжилтээ хүлээж, харин Хөгжлийн банк нь санхүүжилтийг удахгүй шийдвэрлэнэ гэснээр зургаан хувийн хүүтэй орон сууц хөтөлбөр түр хугацаагаар гацаад байна. Харин ОССК-ийн хувьд иргэдийн санал хүсэлт хүлээн авч, Төрийн банкинд шилжүүлж байгаа гэсэн тайлбарыг хэн хэн нь өгч байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж, эхнээсээ байраа авсан иргэдийг харахад “мөрөөдлийн” биш гэж ойлгож болох ч 100 мянган айлыг зургаан хувийн хүүтэй зээлээр хангах төсөв хэр байгаа бол гэдэн асуулт хэвээр байна.
Иргэддээ бага хувийн хүүтэй зээлээр орон сууцжуулах нь дэлхийн аль ч оронд байдаг туршлага. Хэрхэн хэрэгжүүлэх нь өөр өөр байдаг. Ямартай ч Засгийн газраас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Гэхдээ л зургаан хувийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх нь одоогоор тодорхой бус байна.