
Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаар ойрын жилүүдэд хатуу хучилттай зам барих төлөвлөлтийг авч хэлэлцжээ. Бодит нөхцөлөө тооцож үзсэний үндсэн дээр 2013 онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбохоор шийдвэрлэсэн байна. Ирэх онд Хөвсгөл, Дорнод, Дорноговь-Замын-Үүд, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгууд холбогдоно. Харин 2014 онд Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймгууд, 2015 онд Ховд, Увс, Баян-Өлгийг холбох юм. Ийнхүү ирэх жилүүдэд, ялангуяа 2013 онд замын их бүтээн байгуулалт өрнөхөөр болж байна. Зам барилгын эдгээр ажилд дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулж, үндэсний компаниудаа чадавхижуулах чиглэлийг Засгийн газраас баримталж ажиллах юм байна.
Б.МАРГАД