Түүнээс гадна Монгол Улсад импортлогдон худалдаалагдаж буй сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгололт нь гадаад хэл дээр байгаа нь хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний талаар зөв сонголт хийхэд туслах хангалттай мэдээлэл авч чадахгүй байсан учир Монгол Улсын заавал мөрдөх стандарт Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага MNS CAC 1:2007 стандартад заасны здагуу ажиллахыг үүрэг болгосон байна. Энэ стандартын дагуу 8.2.1-т “Хэрэв анх үйлдвэрлэсэн шошгон дээрх хэл хүлээн зөвшөөрөгдөөгүй байвал дахин шошголохын оронд заавал байх мэдээллийг агуулсан нэмэлт шошгыг эх хэл дээр нь бичнэ”, 8.2.2-т “Дахин шошгололт хийх эсвэл нэмэлт шошго дагалдуулах тохиолдолд заавал бичвэл зохих мэдээллүүдийг анхны шошгон дээрхтэй яг адил бичнэ” гэж заасны дагуу импортлон худалдаалж буй сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглэх заавар, хадгалах горим, орц, найрлага, түүхий эдийн талаарх мэдээллийг Монгол хэл дээр болгон өөрчилж арванэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргахыг шаардаж, хугацаатай үүрэг өгсөн билээ.
Энэ хүрээнд албан шаардлагын биелэлтийг хянах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг “Номин супермаркет”, “Макс супермаркет”, “Миний дэлгүүр” зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хийхэд тус сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй сүү, сүүн бүтээгдэхүүний дийлэнхи хувь нь монгол хэл дээр хаягласан байна. Харин “Миний сүлжээ” дэлгүүрээр худалдаалагдаж буй нэмэлт шошгололтгүй бяслаг зарж байсныг түр хугацаанд худалдахыг хориглож арга хэмжээ авсан байна.