Испани орон сууц хураахыг хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Испани орон сууц хураахыг хязгаарлав

Фото Reuters

Испанийн Засгийн газар тус улсад амиа егүүтгэх хэрэг нэмэгдсэнтэй холбогдуулан зээлдүүлэгч банкуудаас орон сууцыг өрөнд хурааж буйд хязгаарлалт хийлээ. Ингэснээр хоёр жилийн дотор үл хөдлөх хөрөнгийн өрөө төлж чадахгүй байгаа гэр бүлийг орон сууцнаас нь хүчээр гаргаж, байрыг нь хураадаг байсныг болиулж байна.  Гэхдээ үүнд бүгд хамрагдахгүй бөгөөд зөвхөн сард 1597 еврогоос бага орлоготой гэр бүл, мөн 2-3 хүүхэдтэй айл болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, дээр нь гурван нас хүрээгүй хүүхэдтэй хүмүүс багтах ажээ.  Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй  буюу өвчтэй эцэг, эхийгээ асрагчид бас энэ хязгаарлалтад хамрагдах юм байна.
 
Тус улс өртэй хүн амаас хураасан байр 400 мянгаас давсны дараа ийм шийдвэр гаргаж байгаа юм. Сүүлийн нэг сарын хугацаанд байраа хураалгах болсон гурван хүн амиа хорлосон байна. Жишээлбэл, Баскийн нутгийн Баракальдо хотын Амайя Эгана гэдэг эмэгтэй шүүхийн шийдвэр биелүүлэгчид байрны цоожийг солихоор ирэх үед цонхоор үсрэн, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.

Үүний зэрэгцээ, Засгийн газар нь банкуудтай хэлэлцээр хийн, хураагдсан байрыг хямд үнээр түрээслүүлэх асуудлыг ярилцах болж байгаа аж. Ийм маягаар орон байргүй болсон хүмүүс дахин сууцтай болох боломж гарч ирэх боломж бүрдэнэ гэж тус улсын эрх баригчид үзэж байна. 

Гэхдээ энэ арга хэмжээг банкны бүтцийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлол мэдээж байна. Үл хөдлөх хөрөнгийн өрөнд орон байрыг нь хураадаг байдал 2007 оноос тус улсад хэрэгжиж эхэлсэн юм байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж