Мэдээллийн технологийн нэгдсэн бодлоготой болно

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Мэдээллийн технологийн нэгдсэн бодлоготой болно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах асуудлыг хэлэлцжээ.

Мэдээллийн технологийг хөгжүүлэхээр 2005 онд “Цахим Монгол’’, 2008 онд “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох”, 2012 онд “Цахим засаг” үндэсний хөтөлбөр баталжээ. Цахим засаглалыг 2010 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд төрийн цахим үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх, төрөөс иргэд, хувийн хэвшилд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх нэн шаардлагатай 22 төсөл санал болгосны дагуу яам, агентлаг, байгууллагууд дор бүртээ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн.Ингэхдээ харилцан мэдээлэл солилцдоггүй, төрийн мэдээллийн системийн нэгдсэн бодлого, журам, стандартгүйгээс олон сул тал үүссэн юм. Иймд энэ салбарт нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалт хийж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмж, цахим засаглал хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг чанаржуулж, төрийн мэдээллийн системүүд харилцан мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлж, өндөр бүтээмжтэй, харилцан хамаарал сайтай дэд бүтэц бий болгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт нэгдсэн бодлогоор зангидахаар тогтлоо. 2013 онд хэрэгжүүлэх мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог хангах талаар төлөвлөгөө боловсруулж ирэх сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг тус газрын дарга Ц.Жадамбаад үүрэг болголоо. Мөн Засгийн газрын сайд, агентлагуудаас энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор 2013 онд хэрэгжүүлэх мэдээллийн технологийн төслөө тус газарт гарган хүргүүлэх, цаашид энэ чиглэлээрх төслөө тус газарт танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлж байхыг мөн удирдлагуудад нь даалгасан байна.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж