Уулзалтын өмнө Герман, Оросын “Петербургийн яриа хэлцэл” нэртэй чуулга хуралдсан байна. Түүнд оролцсон оросууд сүүлийн үед Оросын хаягаар ирүүлж байгаа Германы шүүмжлэлд тайлбар авах сонирхолтой байсан нь мэдээж. Ангела Меркель тэр шүүмжлэлийг олон талаар хуваалцаж байгаа бөгөөд Германы зүгээс Оросын хөгжилд санаа тавьж байгаатай энэ бүх зүйл холбоотой хэмээн үзэж байна. Үүнийг гэрчлэх зүйл нь канцлер Орост ирсэн явдал болж байгаа юм.
Анхдугаар үзэгдэл
Зөвлөгөөний гол сэдэв нь улс төрөөс гадна эдийн засгийн хамтын ажиллагааны тухай байв. Хоёр лидерийн хувийн уулзалтад хэвлэлийн төлөөлөгч, орчуулагч нараас гадна тэдний улс төр, эдийн засгийн зөвлөхүүд оролцжээ.
“Нэгдүгээр үзэгдэл”-ийн хоёрдугаар хэсэг нь хоёр орны сайд нарын хуралдаан байж таарлаа. Герман Оростой сайн харилцаатай байхыг чухалд үздэгийн нэг жишээ бол Холбооны Засгийн газрын 15 сайдын найм нь Москвад ирсэн явдал хэмээн Меркель онцолжээ.
Хоёрдугаар үзэгдэл буюу тайлал
Улс хоорондын зөвлөгөөний албан ёсны үрдүн нь хоёр тал нийт 10 бичиг баримтад гарын үсэг зурсан явдал боллоо. Яриа хэлцлийн хамгийн уйтгартай хэсэг гэж хэлж болох эрмэлзлээ илэрхийлсэн энэ арга хэмжээний нэг онцлох зүйл нь Оросын төмөр зам “Siemens”-тэй хамтарсан үйлдвэрийн 700 цахилгаан зүтгүүрийг худалдан авах тухай гэрээ байжээ.
“Pussy Riot” сэдвийн интермеццо
Ерөнхийлөгч, канцлер хоёр сэтгүүлчидтэй уулзах үеэр “Pussy Riot” панк хамтлагийн нэг гишүүн нь антисемит байсныг Путин онцолжээ. “Тэр эмэгтэй Москвагийн нэгэн супермаркетад еврей, цагаач нараас Москваг чөлөөхийг уриалсан” гэж Оросын ерөнхийлөгч нүд чавчилгүй хэлжээ.
Путин “Дайн” хэмээх арт хамтлагийн идэвхтэн Надежда Толоконниковагийн тухай энд ярьсэн байж магадгүй. Путинийг ерөнхий сайд байх үед “Ашан” нэртэй супермаркетад “Дайн” хамтлагийн санаачлагаар хөлсний цагаач ажилтнууд болон гомо нарыг эсэргүүцсэн үйлдэл гаргаж байсан юм.
Москвад ажиллаж байгаа Германы сурвалжлагчид тэр хэргийг мэдэж байсан учир гайхсан байдлаар Путины яриаг сонсчээ. Тэдэнд түүний энэ төөрөгдүүлэлт өмнө нь ажиллаж байсан нууц албаны явуулга уу, эсвэл төрийн тэргүүнд буруу мэдээлэл өгсөн байв уу гэж гайхахад хүргэсэн бололтой.
Меркелийн товойлгосон аялга
Канцлер уулзалтын үеэр иргэний эрхийг хамгаалах асуудлыг дахин дахин тавьж байв. “Оросын зарим нэг хуулийн талаар би таагүй сэтгэгдэлтэй байдгаа ерөнхийлөгчид хэлсэн. Бид энэ тухай ил тодоор ярилцах ёстой. Учир нь ингэж ярих нь харилцан ойлголцлын эхлэл болно” гэж Меркель хэлжээ.
Ингээд Герман, Орос улсын хооронд харилцаа ямар байдлаар үргэлжлэхийн илэрхийлэл болсон хоёр томоохон хүлээн авалт уулзалтын дараа болсон байна. Нэг нь Кремльд хоёр орны улстөрчид болон топ менежерүүдийг урьсан хүлээн авалт байсан бол нөгөө нь Оросын олон нийтийн болон сөрөг хүчний төлөөлөгчид уригдсан Германы Элчин сайдын яамны хүлээн авалт байжээ.
Товчхондоо бол Герман улс Оростой эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Гэхдээ Оросын эрх баригчид иргэний эрхийг зөрчвөл шүүмжлэлтэй хандах нь тодорхой гэсэн ойлголтыг энэ саммит өглөө.