Дотоод аудитын албан дүрмийг батлав

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Дотоод аудитын албан дүрмийг батлав

Дотоод аудитын албаны дүрмийг баталж, түүнийг мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагчдад, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Сангийн сайдад үүрэг болголоо.

Төрийн дотоод аудитын тогтолцоо бий болгох, Засгийн газрын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зохицуулалт шинээр батлагдсан Төсвийн тухай хуульд тусгагдсан. Энэ бол Төсвийн ерөнхийлөн захирагч бүр дотоод аудитын алба байгуулж, дотоод аудитор ажиллуулахыг хуульчилсан явдал юм. Энэ хүрээнд Шинэчлэлийн Засгийн газрын 14 дүгээр тогтоолоор бүх яаманд "Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар” байгуулж, тус нэгж нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Тэгвэл энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар дотоод аудитын албаны дүрмийг баталлаа. Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагааны зорилго, чиг үүрэг, хамрах хүрээ, зарчим, удирдлага, зохион байгуулалт болон дотоод аудиторын эрх, үүргийг энэ дүрмээр тодорхойлсон байна. Дотоод аудитын тогтолцоо нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, Засгийн газрыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад дэмжлэг болж, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, хууль тогтоомж зөрчигдөхөөс сэргийлэх, төсөвт байгууллагын ил тод байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж