-Багануурчуудтай хийсэн уулзалтаас таны хийх ажил тодорхой болчих шиг?
-Багануур дүүрэгт ажилласан эхний зорилго маань УИХ-ын даргын захирамжаар хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчлөх талаар иргэдээ сонсох зорилго байлаа. Тус дүүргийн хувьд Улаанбаатар хотын дагуул хот хэлбэрээр явдаг. Албан ёсоор баталгаажуулаагүй ч цаашид аж үйлдвэрийн асар том бүс үүсэх боломжтой. Иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг сонсоход ирэх жилээс Багануур дүүрэгт цахилгаан станц барих нь зөв юм байна, үүнд хөрөнгө оруулах нь зөв гэж үзлээ. Яагаад гэвэл төрийн бодлого шийдвэртэй иргэдийн санал сэтгэгдэл нэгдэж байна. Цаашид иргэдийн оролцоотойгоор энэ дүүргийн эдийн засгийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал хөрөнгө оруулалтыг хийх зөв гэдэгт тогтлоо. Ингэвэл Багануур дүүргийн хөгжлийн хурдацыг нэмэх боломж байгаа гэдэг дүгнэлтэд хүрлээ.
-Иргэд аливаа асуудлыг шийдэж өгөөч гэдэг байдлаар хүсэлт тавьж байна. Цаашид Багануур дүүрэг, бусад аймаг хэзээ өөрсдөө төсвөө бүрдүүлдэг болох вэ. Тийм боломж бий юу?
-Энэ жилийн төсвийг хүмүүс янз бүрээр шүүмжилж байгаа ч хамгийн том онцлог нь орон нутагт төсвийн эрх мэдлийг өгсөн явдал. Хамгийн багадаа гэхэд сумын орон нутгийн хөгжлийн санд 150 сая төгрөг төвлөрөх гэж байна. Үүнийг иргэд юунд зарцуулах вэ гэдгээ шийдвэрлэнэ гэдэг бол хамгийн том эрх мэдэл. Нийслэлд ч тэр, дүүрэгт ч ийм боломж байгаа болохоор төсөвлөсөн мөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг иргэдийн оролцоотойгоор шийдэх нь чухал. Орон нутагт тулгамдаад байгаа зарим асуудлаа иргэд өөрсдөө шийдье гэж ярьж байна. Энэ бол зөв. Урт хугацаандаа шийдэх асуудлыг иргэдээрээ хэлэлцүүлээд эрэмбэлээд явбал хамгийн зөв алхам болно. Энэ уулзалтаас миний хамгийн түрүүнд ухаарсан зүйл бол Багануур дүүргийг хот болгох, аж үйлдвэрийн бүс болгох ажлыг түргэвчилж, ирэх жилээс ханцуй шамлан орох нь зөв юм байна гэдгийг ойлголоо.
-Тэгвэл таны бодлоор Багануурын хөгжлийн хөтөч болсон аж үйлдвэрүүд хэзээнээс баригдаж эхлэх вэ?
-Хамгийн түрүүнд хоёр ажил чухал байна. Эдийн засгийн болоод нийгмийн асуудалд чухал нөлөө үзүүлэх юм. Нэгдүгээрт, Багануур дүүрэгт ирэх жилээс цахилгаан станц барих. Эрчим хүчний үйлдвэрлэлийг дагаад ажлын байрнаас гадна улс орон, уул уурхайд тулгамдаад байгаа эрчим хүчний дутагдлыг нөхөх бүрэн боломжтой. Энэ газар эрчим хүчний үйлдвэрийг барихад гурван жилийн хугацаа шаардлагатай. Засгийн газраас хэрэглээний нүүрсний үнийг хямдруулж байгаа нь зөв хэрэг. Гэхдээ ирэх жилээс Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн коксжсон нүүрсний үйлдвэрийг байгуулах ажлыг Засгийн газартай ярилцах хэрэгтэй болж байна. Үйлдвэрийг байгуулаад коксжсон нүүрсээ нийслэлийн иргэдэд нийлүүлбэл утааг багасгах боломжтой.
-Оюутны хотхон байгуулах нэрээр Хэрлэн голын эрэг дагуу тусгай хамгаалалттай газарт их хэмжээний газар олгосон нь хэл ам дагуулж байна. Үүнийг яаж цэгцлэх вэ?
-Бид шинэ зүйлийг байгуулахдаа улс төрийн өнцгөөс хандаж болохгүй. Сонгуульд оноо авах хэлбэрээр хандаж болохгүй. Энэ шийдэл нь зөв зүйтэй, бодитой байх ёстой. Оюутны хотхон байгуулах тухай мэдээллийг сонсч байсан ч УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэ тухай бодит мэдээллийг нэлээд цуглууллаа. Тэгэхэд Оюутны хотхоныг чин сэтгэлээсээ байгуулахаасаа илүүтэй, үүний далбаанд бизнес, улс төрийн сонирхол байсан юм биш биз дээ гэсэн хардлага төрсөн. Энэ нь юугаар илэрхийлэгдэж байгаа юм бэ гэхээр Хэрлэн голын урд, хойд хөвөөг дамжуулаад газар олгочихсон байх жишээтэй. Тухайлбал, Багануур талдаа 10 мянган га, Хэнтий талдаа 7 мянган га талбайг эзэлнэ гэж зураг гаргаад газар хуваарилалт явсан байж болзошгүй. Үүнд хариуцлагагүй хандаж болохгүй. Нөгөөтэйгүүр Техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад УИХ-аар дэд бүтцийг нь байгуулах гэж хөрөнгө төсөвлөж оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Би багануурчууддаа үнэнч байдаг, ийм асуудлаар хэзээ ч улс төр хийхгүй. Гэхдээ Оюутны хотхон гэдэг энэ хөөсрүүлсэн, салхилуулсан зүйлээр сонгуулийн сурталчилгаа, бизнес хийхийг би хэзээ ч тэвчихгүй. Тиймээс бодит байдлыг багануурчууддаа хэллээ. Иргэд маань хүлээж авч, ойлгож байна.