Евро бүсийн эдийн засаг хоёр улирал дараалан саарч байгааг Европын статистикийн алба Евростатын энэ пүрэв гаригт гаргасан шинэ мэдээнд өгүүлжээ. Энэ жилийн гуравдугаар улиралд нэгдсэн валюттай 17 орны дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх улирлаас 0,1 хувиар буурчээ. Өмнөх гурван сард нь өсөлт 0,2 хувиар унасан юм. Жилийн тооцоогоор авбал евробүсийн ДНБ хагас жилийн хугацаанд 0,6 хувиар багассан байна. Европын холбоог бүхэлд нь тооцож үзвэл эдийн засгийн өсөлт 0,1 хувьтай ажээ.
Хоёр улирал дараалсан уналт нь дэлхийн эдийн засгийн тавны нэгийг бүрдүүлдэг, 9,4 их наяд еврогийн хэмжээтэй евро бүсийн эдийн засаг уналтад орлоо гэсэн үг юм. Өмнө нь ийм үзэгдэл дэлхийн эдийн засгийн уналттай байсан 2008 оны эцэс болон 2009 оны эхээр ажиглагдаж байлаа.
“Өнөөгийн уналт нь засаг захиргааны үйлдлийн үр дагавраас үүссэн хүний гараар бүтээгдсэн үзэгдэл. Европын өмнөд нутагт авч байгаа хэт хатуу хэмнэлтийн арга хэмжээ мөн ямар нэгэн зүйл хийхийг хойд нутгийнхан хүсэхгүй байна. Энэ бол сүүлийн 20 жил дэх хамгийн аюултай байдал” хэмээн Лондонгийн эдийн засгийн сургуулийн эдийн засагч Пол Де Гров дүгнэв.
Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл Италид 0,2 хувиар, Испанид 0,3 хувиар буурсан байна. Есдүгээр сарын мэдээгээр Португалийн эдийн засаг найман сар дараалан буулаа. Дээд амжилт нь Грект. Тэнд эдийн засгийн сааралт 17 улирал дараалж байгаа ба энэ удаа 7,2 хувиар унажээ.
“Эрсдэлд байгаа орнуудын ядуухан байдал аажмаар Европын холбооны бусад хэсэгт нөлөөлж эхэллээ” гэдгийг Еврокомиссийн эдийн засгийн албаны тэргүүн Марко Бути ярьж байна. Голландын ДНБ улирлаас улиралд 1,1 хувиар, Австрийнх 0,1 хувиар тус тус унаад байна. Германы ДНБ эхний улиралд 0,5, хоёрдугаар улиралд 0,3, гуравдугаар улиралд 0,2 хувиар тус тус өссөн байна. Эдийн засгийн шинжээчид Германы өсөлтийг цаашид улам бүр буурна гэж таамаглаж байна.
Евро бүсийн хоёр дахь нь болох Францын эдийн засаг гуравдугаар улиралд 0,2 хувийн өсөлтийг л харуулав. Франц түгшүүрийн шалтгаан болж байна гэж Deutsche Bank сануулав.
Еврокомиссийн үнэлгээгээр евро бүсийн ДНБ-ний өсөлт 0,4 хувьтай байх гэнэ. Ирэх жилийн дүгнэлт ч сулхан байна. 2013 оны дүгнэлтийн үнэлгээг 0,3 хувиас 0,1 хувь болгон бууруулжээ. Гэхдээ төсвийн алдагдал 2010 оны 6,2 хувиас 2012 онд ДНБ-ний 3,6 хувь хүртлээ буурч чадсан байна.