Намын хамтын удирдлагын дээд байгууллагад Си Жиньпинээс гадна ямар хүмүүс багтав?
Хятадын Коммунист намын (ХКН) XVIII их хурлын үр дүнд намын удирдлага Ху Жиньтаогаас БНХАУ-ын дэд дарга Си Жиньпинд шилжлээ. Намын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга нь цэргийн зөвлөхүүдийн комиссийг тэргүүлнэ. Энэ нь Хятадад дээрээсээ гурав дахь том алба. Ирэх гуравдугаар сард Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал Си Жиньпинийг БНХАУ-ын даргаар томилсноор их гүрний засаг Мао даргаас эхлэн тооцогдож буй “тав дахь үеийн” дарга нарт шилжиж дуусах юм.
ХКН их хурлаараа намын дээд албан тушаалтныг сонгосноос гадна Улс төрийн товчоогоо шинэчилсэн. Энэ хамтын удирдлагын байгууллага л улс орноо удирдах зарчмын шийдвэрийг гаргадаг. Тиймдээ ч намын их хурлын хөтөлбөрийн бас нэг чухал хэсэг энэ байсан. Гэхдээ энэ байгууллагын гишүүдийг сонгох механизм нь зарчмын хувьд ил тод биш. Улс төрийн товчооны 25 гишүүнийг Байнгын хорооноос сонгох бөгөөд тэд мөн намын Төв хорооны 200 гишүүдийг сонгох учиртай.
“Reuters” агентлагийн мэдээлснээр энэ удаагийн байнгын хорооны сонголт өрсөлдөөнтэй өрнөсөн гэнэ. Тодруулбал, долоон суудлын төлөө есөн хүн өрсөлджээ. Си Жиньпиний хамт Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэцян, БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч дарга нар Чан Дэзян, Ван Цишань, бүс нутгийн удирдагчид Чан Гаоли, Юй Чэншэн, мөн ХКН-ын Сурталчилгааны хэлтсийн дарга Лю Юньшань зэрэг зургаан хүн сонгогдсон байна.
Шинэ товчоонд зохих хэмжээний улс төрийн шинэчлэл хийхээр хүмүүсийн тоонд Си Жиньпин, Ли Кэцян, Ван Цишань нар багтаж байна. Үлдсэн хүмүүсийг эдийн засагт биш гэхэд улс төрдөө консерваторууд гэж үзэж байгаа юм.
Өдгөө 59 настай Си Жиньпин 1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхээр өнөөдөр эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж байгаа Фузянь, Чэжян мужуудыг даргалж байв. Тэрээр 2007 онд Шанхай хотын намын байгууллагыг толгойлж, намын ээлжит их хурлаас Улс төрийн товчооны жинхэнэ гишүүнээр сонгогдсон юм.
Намын удирдлагад байхдаа тэрээр төлөв тэгш байж, урт үг хэлэх, үг хэллэгийн томьёолол хөөцөлдөхийн оронд олон түмэнтэй харилцах энгийн арга барилыг сонгон авсан байна. Яг яагаад Си намын дээд тушаалд шилэгдсэн нь ойлгомжгүй хэвээр. Шинжээчдийн таамгаар, ХКН-ын нөлөө бүхий хэдэн зуун гишүүдийн дунд явуулсан санал асуулгаар Си Жиньпин бүхнээс олон санал авсан гэнэ.
Шинэ дээд лидерийн хамтран зүтгэгч, 57 настай Ли Кэцян нь Аньхой мужийн уугуул бөгөөд зах зээлд орсон анхны тариачны хоршоололд ажиллаж байжээ. Тэнд тэрээр намд элсээд хэдэн жилийн дараа Бээжин хотын их сургуульд суралцахаар очоод англи хэлд нэвтэрчээ. Барууны хууль зүйн ном, товхимлыг орчуулж, оюутны удирдлагад сонгуульт тушаал гаргахын төлөө зүтгэж байсан ч нам нь таагүй хүлээн авсан учир Ли өөрийн санаачлагаас татгалзаж байжээ. Тэрээр 1983 онд тухайн үед Ху Жиньтаогийн толгойлж байсан Хятадын комсомолын удирдлагад гарч иржээ. Ингээд 2007 онд ХКН-ын Төв хорооны жинхэнэ гишүүнээр сонгогдон, тодорч эхэлжээ.
Ван Цишань бол Бээжин хотын захирагч асан. Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч байсан Яо Илинийн хүргэн бөгөөд улс төрөөр ч, эдийн засгаар ч ямар нэгэн ээдрээтэй асуудал үүслээ гэхэд тохиролцоо зөвшилцөл хийж чаддаг туршлагатай улстөрч ажээ. Тэр л “Хятад АНУ-ын хоорондын стратеги ба эдийн засгийн яриа хэлцэл” хөтөлбөрийн Хятадын талын гол хэлэлцээр явуулагч байлаа. Тэрээр гол төлөв хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг толгойлдог бөгөөд өөрөө бизнес-менежементийн арвин туршлагатай нэгэн гэх. Ван Цишань 1994-1997 онд “China Construction Bank” гэх тус орны санхүүгийн томоохонд орох улсын байгууллагыг толгойлж байжээ. Шинжээчдийн үзэж буйгаар өдгөө 64 настай тэрбээр Улс төрийн товчоонд намын доторх авлигатай тэмцэх ажлыг хариуцах гэнэ.
Эдийн засгийн шинэчлэгчдийн жигүүрт 65 настай Чан Гаоли-ийг хамруулж болно. Түүнийг “гурав дахь үеийн” лидер Зян Зэминийн хүн гэдэг болов ч Ху даргад бас “тохирсон” хүн байв. Ямар ч байсан Хугийн үеэр тэр төвийн захиргаанд шууд хамрагдах дөрвөн хотын нэг Тяньжиний намын байгууллагыг толгойлж байлаа. Чан гадаадын хөрөнгө оруулалтыг өөрийн орны эдийн засагт оруулахын төлөө байдаг гэнэ. Түүний удирдах арга барил нь Си Жиньпинийнхтэй тохирдог гэх ба өөрөө сайн аж ахуйч бөгөөд хувийн амбици сонирхлоо дарж чаддаг гэгдэх аж.
Харин Юй Чэншэн өдгөө 67 настай, Шанхай хотын намын дарга асан. 1980-аад онд ах нь АНУ-д зугтсан нь улстөрчийн карьерт нь ихээхэн нөлөөлжээ. Гэхдээ Юй нам дахь албан тушаалаа авч үлдсэн бөгөөд хожим нь 2002 онд Улс төрийн товчоонд хамаарах болжээ. Насны хязгаараас болоод тэрээр зөвхөн дараагийн их хурал хүртэл л ажиллахаар болж байна. Түүнээс өндөр настай хамтран зүтгэгчид нь ч нэг л цикльд ажиллана.
Шинэ Улс төрийн товчооны байнгын хорооны хамгийн консерватив гишүүд нь Аж үйлдвэр хариуцсан ерөнхий сайдын орлогч Чан Дэзян ба Хятадын гол сурталч Лю Юньшань нар болж байна.
Чан Дэзян Хойд Солонгосын Ким Ир Сенийн их сургуульд эдийн засгаар суралцаж байсан гэнэ. Намын дээд удирдлагад орохын өмнө тэрээр Гуандун мужийн коммунист намыг толгойлж байв. Түүнийг удирдаж байх үеэр уг муж Хятадын тэргүүн хөгжилтэй эдийн засгийн бүс болжээ. Одоо 66 настай түүнийг Зян Зэминийн талын хүн гэдэг.
Харин Лю Юньшань “Синьхуа” агентлагт сурвалжлагчаар ажиллаж байсан, эхлээд Өвөрмонголд, дараа нь Бээжинд агентлагийн салбарын дарга болтлоо дэвшжээ. Ингээд 2002 оноос намын гол хянагч болсон гэнэ. Түүнийг интернэтийн хязгаарлалтыг хийдэг хүн ч гэдэг. Дашрамд дурьдахад, саяын намын хурлын үеэр Хятадад Google хайлтын систем хязгаарлалттай байсан билээ. Люгийн гол дарга нь Ху Жиньтао гэгддэг. Өдгөө 65 настай тэрээр арван жилийн өмнө Хугийн хамт Улс төрийн товчоонд орж ирж байжээ.
Хонконгийн баптист их сургуулийн шинжээч Жан-Пьер Кабестаны яриагаар, Хятадын шинэ удирдлагад улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд бараг хүндрэл гарахгүй гэнэ. “Тэдэнд өсөлтийн шинэ загварыг боловсруулах нь амархан. Тэр бол өөрөө тийм ч их ээдрээтэй хэрэг биш харин би тэднээс улс төрийн саажилтыг харж байна” гэж тэр хэлжээ.
Америкийн судалгааны нөлөө бүхий Бруклиний хүрээлэнгийн шинжээч Чан Ли үзэхдээ, шинэ хорооны бүрэлдэхүүн нь ХКН дахь консерватив хандлага бат бэх ул суурьтайг харуулж байна гэв. Засаг шилжүүлэхэд хуучин ахмад 86 настай Зян Зэминийн оролцоо байсан гэж тэр дүгнэжээ.