Хөдөөд малын үнэ тэнгэрт хадав

Хуучирсан мэдээ: 2012.11.17-нд нийтлэгдсэн

Хөдөөд малын үнэ тэнгэрт хадав

Жил бүрийн арваннэгдүгээр сарын дундаас эхэлж монголчууд өвлийн идшээ бэлтгэх их ажилд мордох нь бий. Хөдөөд малтай хотынхон нь шуудай сав бэлтгэн тэдэн рүүгээ зүтгэдэг бол малгүй хэсэг нь идшээ бэлэн мөнгөөр шууд худалдаж авна. Мал, мах худалдаж аваад мэргэшчихсэн ченжүүдийн хувьд бол хөдөө рүү явж, тонн, тонноор нь мах бэлтгэн “Хүчит шонхор” худалдааны төвийнхөнд нийлүүлнэ. Нэг ёсны хэн, хэнийхээ л хэрэгцээг хангасан бизнес энэ үед “цэцэглэдэг” гэж хэлж болох талтай. Гэвч өнөө жил малын үнэ тэнгэрт хадсанаас хотынхон хөдөөнөөс идэш бэлтгэхэд бэрхтэй болжээ. Зарим нэг жишээг дурдвал, Хөвсгөлд өнгөрсөн жил шүдлэн үхэр 400 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөө жил 650 мянган төгрөгт хүрсэн аж. Сувай үнээ бол бүр талийж 800 мянган төгрөгт хүрчээ. Хонь, ямаа ч худалдаж авахад бэрх, малчдын хувьд шүдлэн хонийг 120 мянган төгрөгөөс буулгахгүй байгаа аж. Шүдлэн үхрийг 650 мянган төгрөгөөр үнэлж байгаа нь дор хаяж 150 кг татна гэж тооцоолсных гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг кг махыг нь 5000 төгрөгөөр үнэлж байгаа аж. Хэрвээ ченж дээр дурдсан ханшаар үхэр худалдан авч махыг нь бэлтгэлээ гэхэд хотод авчраад хүнсний захынханд нийлүүлэхэд хэдэн төгрөгөөр борлуулах бол гээд тооцохоор бас л өндөр дуулдах бололтой. Бие биедээ дамлан нийлүүлдэг 5-6 шат дамжлагыг нь тооцвол лав л нэг кг үхрийн мах 7000 төгрөгөөс буухгүй байж мэдэх талтайг худалдаачид хэлж буй юм.

Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр энэ сарын 14-ний байдлаар Улаанбаатар хотноо хонины ястай мах нэг кг нь 6200, цул мах нь 6500, үхрийн ястай мах 7011, цул үхрийн мах 8178, ямааны мах 4860, адууны мах 5700 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногт худалдаалагдаж байсан үнэ ханштай нь харьцуулахад махны үнэ буурах биш өсч буй дүр зураг гарчээ. Нэг хэсэг эхлээд адууны махны үнэ чангарч бусад махны үнэ ялимгүй буурч байсан бол одоо бүгд нэгэн зэрэг өссөн юм байна.

Ченжүүдийн яриагаар бол өдийд нийслэлд аймаг бүрээс мах орж ирээд, үнэ ханш бууж байдаг ч өнөө жил ийм өөрчлөлт гарахгүй байгаа нь малчид мал, махынхаа үнийг буулгахгүй өндөр үнэ санал болгож буйтай нь холбоотой аж. Цаашид ханш энэ хэвээр хадгалагдсаар байвал шинэ жил, цаашлаад сар шинэ дөхөөд ирэхийн цагт махны үнэ улам өснө. Улмаар хаврын урт шар хүн ирэхэд махны үнэ дахиад л өснө. Тэр тусмаа нефтийн бүтээгдэхүүний үнийг Засгийн газар тогтвортой барьж чадахгүй бол тээвэрлэлт талд үнэ өсч, тэр хэрээр махны үнэ тэнгэрт хадах эрсдэл дагуулж буйг ченжүүд сануулах болов.

Хэдийгээр Засгийн газраас нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах зорилгоор 12 мянган тонн нөөцлөхөөр шийдвэр гаргаад байгаа ч энэ ч бас үнэ ханшийг бууруулахад үр дүн авчрахгүй бололтой. Гэхдээ зүгээр сууж байснаас дор болов гэж ямартай ч нийлүүлэлт талд бага зэрэг дэм болох аж. Эрэлтийг нь аваад үзвэл монголчууд жилдээ 200 мянга гаруй тонн мах иддэг бол гадаад руу 10 мянга гаруй тонн мах экспортолдог юм байна. Гол төлөв хойд хөрш рүү мах экспортолдог байсан ч сүүлийн жилүүдэд хятадууд Улаанбаатар хотноо их хэмжээгээр мах бэлтгэн өөрийн орон руу гаргах болсон нь нэг талдаа Монгол Улсад махны нийлүүлэлт талд шок үүсгэж, эргээд үнэ ханшид нөлөөлөх сөрөг тал дагуулах болсныг ч учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Дээр нь монголчууд өөрсдөө нэг кг нь 7000 мянган төгрөгөөр үнэлэгдэх махыг хүнсний захаас худалдаж авдаг хэрнээ хойд хөрш рүү нэг кг ыг нь 3 ам.доллараар үнэлэн мах экспортлох нь хэр зохистой вэ гэдэг асуудал ч хөндөгдөж буй. Цаашид Засгийн газар махны нөөц, нийлүүлэлт, экспортод анхаарлаа хандуулахгүй бол 50 сая гаруй толгой малтай хэрнээ  хөдөө хотгүй махны үнийг дийлэхгүй болж мэдэх нь.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж