БНСУ-ын Элчин сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.11.17-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Элчин сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ро-г өчигдөр /XI.16/ хүлээн авч уулзав.

Сайд Л.Болд шинэчлэлийн Засгийн газар манай БНСУ-тай бүх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг онцолж, хоёр орны “Иж бүрэн түншлэлийн харилцааг” цаашид өргөжүүлэн бэхжүүлэх, бүс нутгийн болон олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар Элчин сайдтай санал солилцов.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, гадаад оронд оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах нь шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг болохыг онцолж, энэ талаар Элчин сайд, ЭСЯ анхаарч ажиллахыг хүсэлт болгов.

Элчин сайд Ли Тэ Ро Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх нь БНСУ-ын Засгийн газрын гадаад бодлогын чухал чиглэл болохыг тэмдэглэж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, агаарын харилцааг өргөжүүлэх асуудлуудад анхаарч байгаагаа тэмдэглэв. Иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар ЭСЯ-ны зүгээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлж, Монголын талын санал хүсэлтийг анхааралдаа авахаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадааад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж