Сайд Л.Болд БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.11.17-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Улаанбаатар хотноо энэ сарын 15-16-нд болсон БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээний Хойд Солонгосын талын тэргүүн, тус улсын ГХЯ-ны Солонгос, Японы харилцааг хэвийн болгох асуудлыг хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сон Ир Хо-г өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч, уулзав.

Уулзалтын эхэнд сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор манай оронд БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, уг уулзалт зохион байгуулах Монголын талын санаачилгыг дэмжсэнд талархаж, цаашид манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүс нутаг төдийгүй олон улсын тавцанд өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Ноён Сон Ир Хо энэхүү яриа хэлэлцээг өөрийн оронд зохион байгуулсанд Монгол Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, БНАСАУ, Япон Улсын уг уулзалт нь хоёр орны харилцааг сайжруулахад тус дөхөм болох төдийгүй, БНАСАУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад тус дөхөм үзүүлнэ гэв.

Уулзалтын үеэр талууд энэхүү яриа хэлэлцээ нь Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж, БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчдийн арваннэгдүгээр сарын 18-22-нд манай оронд хийх айлчлал нь Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадааад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж